Булган аймгийн Сайхан сумын айраг
Долоон хошуу даншиг наадам, цагаан сараар Богд хаан болон Нийслэл хүрээни ихэс, дээдсийн хэрэглэх айргийг Сайхан-Хулжийн голын адуучдаар бэлтгүүлэн аваачиж хэрэглэдэг байжээ. Мөн Сайд нарын Зөвлөлийн “Нүхт” амралт Сайхан сумаас адуучин, саальчин аваачиж, гүү бариулан, тухайн үеийн нам, засгийн удирдагчдын зоогийн айргийг бэлтгүүлдэг байсан.
1998 оны улаан бар жилийн дээдсийн их цэнгүүн (битүүлэг) дээр Булган аймгийн Сайхан сумын 10 л айраг 100,000 төгрөгөөр үнэлэгдэн дээд зэргийн амжилт тогтоож байв. 1960-аад онд ЗХУ-ын мэргэжилтнүүд /Казакстанаас/ ирж, Сайхан сумын айргийг судлан эрдмийн зэрэг хамгаалж байсан түүхтэй. Сүхбаатар зэрэг зүүн аймгийнхан Сайхан сумаас айргийн <Мэргэжилтэн> урьж, айраг хийдэг туршлагыг нь заалгаж суралцаж байв.
Сайхан айраг боловсруулахад хийх арга, технологиос гадна тухайн мал сүргийн идээшлэн бэлчдэг нутаг ус, өвс ургамлын онцлог чухал үүрэгтэй.
Зургийг Бат Амьдралын сан хөмрөгөөс
Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 256-р тал
Сэтгэгдэл оруулах