Сунгаа

6/14/2019 6:25:43 PM

 

Сунгаа

            Ойр хол, хоёроос хамаараад гурван янз байна. Бага сунгааг их давхилаас арав орчим хоногийн өмнө хийнэ. Бага сунгааг их давхилаас арав орчим хоногийн өмнө хийнэ. Энэ сунгаанд морьд бөглөрч онгойдог. Бага сунгааны дараа уяач хүн морьдоо маш сайн ажиглаж, морь бүрээ арван хуруу шигээ мэдэж ирдэг. Энэ үед ир орж байх ёстой.

            Дунд сунгаанд тэр жилийн давхилын цар, уяаны алдаа оноо мэдэгдэж, засал хийх болзол гарна. Их сунгааны дараа морь бүрэн гүйцэд онгойх ёстой. Хоёр бөөрөө түхэлзтэл татаж, зогсож чадахгүй шахам их амьсгаалж байвал тэр морь дутуу онгойсон хэрэг. Ийм морийг онгойлгох талаар эзэн хүн өөрийн санасан маш нарийн тодорхой ажил хийх хэрэгтэй. Сунгаанд давхиад ирсэн морь хамраараа цэвэр сайхан  амьсгалж байвал гүйцэд онгойсон морь мөн. Их сунгааны дараа морины торгон ир орж байх ёстой. Сунгаанд сайн давхисан морь наадамд мөн сайхан давхина.

            Их сунгааны дараа эзэн хүн мориныхоо торгон ирийг улам нарийн тохируулахын тулд хэрэгтэй нэг юмуу, хоёр ажлыг олж хийнэ. Жишээлбэл: Дутуу онгойсон морийг онгойлгохын тулд дахин сунгаж болно. Гэвч наадмын их давхил ойртсон цагт морь зүдэрдэг гэдгийг мартаж болохгүй. Хүч нь зузаадсан морийг хөлсөлж болно.

            Уяа нь яг таарсан гэж үзсэн морийг зөвхөн хөшөөг нь гаргахын тулд үсэргээ “торгон тар” хийнэ. Үсэргээнд морь маш хурдан хөлөрдөг. Их сунгааны дараа хүн бүр мориндоо өөр өөрийн санаснаар нэмнээтэй тарлах мэтийн янз бүрийн ажил хийдэг. Наадмын их давхилын урд шөнө ихэнх уяачид морьдоо манаж, идшийг нь тааруулж нойргүй хонодог.

Сануулга: Давхилын урд шөнө бүх зүйл бэлэн болсон байдаг учраас зөвхөн маргааш давхихад л өлдөхгүй, цатгалдахүй байхаар идүүлэх хэрэгтэй. Гуриг морийг идүүлбэл зохино. Доор сүврэгдэстэй морийг гэдэс нарийнтай уралдуулж болохгүй. Учир нь өлдөж зайлна. Иймл нэлээн идүүлж уралдуулна.

            Наадмын их давхилын үедд моринд нар, бороо их нөлөөлнө. Уяачид наранд тааруулж уядаг ба бороо орвол уяа хэтэрсэн моринд маш муугаар, харин дутуу уяатай моринд сайнаар нөлөөлнө. Хэтэрсэн юмуу уяа таарсан морийг борооноор нэмнэх хэрэгтэй. Гэвч уяа нь яг таарсан сайн хурдан морь ямар ч цагт ажирдаггүй.

            Дуутай уяатай эсвэл зооны арьс чангатай зарим газар хулсан зоотой гэж ярьдаг. Морийг гарахын өмнө ус, айраг мэтийн зүйлээр нэвтэлдэг. Гэвч зоо чанга хоёр янз. Зооны шөрмөс чанга бол сайн, зооны арьс чанга нь муу. Зооны арьс чангатай морины арьс нь давхихаараа хөөдөг. Үүнийг нэвтлэх хэрэгтэй. Харин хүзүү цээжний арьс сул бол хөөхгүй.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 152-р тал 

 


Сэтгэгдэл оруулах




fgh [10.0.0.126] 6/17/2019 12:35:19 PM

hjf