Хүч тарга нь бууж өгөхгүй байгаа морийг

6/14/2019 6:26:20 PM

 Хүч тарга нь бууж өгөхгүй байгаа морийг нэмнэлгүй томхон хүүхэд унуулан нэлээд хол газар тухайлбал 10-15 км газар хар гүйхээр нь бус ханайтал сайхан давхиулж хүчийг авна. Ямар ч морь эхний хоёр гурван хөлс авалтаар шавар хөлс нь гарч дуусна. Шавар хөлс гэдэг нь шороо шавартай өтгөн хөлс байдаг. Түүний дараа хөөсөн хөлс гарна. Энэ нь хөөсрөөд гараад ирэх хөлсийг хэлнэ. Хөөсөн хөлс гарч байгаа нь морины хүч тарга бууж байгаагийн тэмдэг, хөлс дуусахын үед морины хүч барагдаж, хөвөө нь хар гэдэг арилна.

            Хөөсөн хөлс дуусах үеэр морины баас хатуурч, тал ба бүтэн хомоол болно. Энэ нь уяа эвлэж байгаагийн шинж юм. Хөөсөн хөлсний дараа усан хөлс гарна. Энэ нь ус шиг тунгалагхан элбэр хөлсийг хэлнэ. Хамгийн сүүлд уяа ханахын цагт сувд хөлс гаргана. Сувд хөлс гэж сувд шиг бөнжигнөөд гарч ирдэг хөлсийг хэлдэг. Үүнийг их авч болохгүй.

Зургийг С.Мөнхдэлгэрийн сан хөмрөгөөс

 

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 152-р тал 

 


Сэтгэгдэл оруулах