Богдын алаг морь

9/25/2020 3:17:29 PM

“БОГДЫН”  АЛАГ МОРЬ

          Монгол наадмын 200 шахам жилийн түүхэнд хамгийн олон түрүүлж алдаршсан нь  “Богдын алаг морь” гэж түүх өгүүлдэг. Харин энэ эрдэнэт хөлгийг Богдод бараалхуулсан хүн бол Сэцэнхан аймгийн Хэрээ хөхөлийн шавийн “хамар” Даваа гэх алиа эр ажээ. Даваа нь хамар томтой хүн байснаас ийм хоч нэртэй болсон хэрэг. Зарим нь түүнийг  ламын сахилтай ч гэх нь бий. Тэрээр гоё хувцас өмсөөд янз бүрийн эд хэргэлэл зүүж гангарч явдагийн дээр төрөл бүрийн аяг үзүүлж олны анхаарлыг татаж үймүүлж явдаг. Хүнд хоргүй атлаа хүний санаанд оромгүй үйлдэл хийж   инээдмийн жүжиг тоглож байгаа юм шиг маяг үзүүлж явдаг тэрээр угаас панзчин наймаачин хүн. Хүрээ, гадаа явж арилжаа наймаа хийх нь түүний байнгын ажил байв.   Түүний нэр холбогдож  буян болсон  наймаа нь “хамар” Даваагийн гар дээрээс  битүү хязаалан алаг морь  Богдын уяач   Жасын хөх Дондогт зарагдсан явдал юм.   Хүрээнд арилжигдсан энэ алаг үрээ “Богдын алаг” морь  гэж цоллогдон  олон түрүүлж нэр алдарын оргилд хүрчээ.   Жасын хөх Дондог Богдын шавь хүн болохоор түүний авсан  алаг үрээ  Богд гэгээнийх гэсэн үг.  Алаг морины нутаг гарвалыг  олон янзаар ярьдаг ч  “Хэрээ хөхөл”  хайрханы унага гэж мэр сэр яригддаг  нь зөв л байсан юм билээ.    

                 Хурдан морь судлаач Донойн Даваажанцан, Донойн Цэгмэд нар “Морин эрдэнэ” номондоо ...“1899 оны шаргачин гахай жил” Богд Жавзандамба хутагтад уламжлалт Даншиг наадам хийх болоход түүн дээр “Луут шүхэр түшлэгээр" шагнагдсанд бүх халхын таван газраас Бат-Оршил давхар өргөөд, 5 насны 1229 хурдан морь уралдуулсаны 466 нь барианд оржээ...” “Соёолон насанд 315 уралдсанаас Их шавийн хээр алаг анх түрүүлсэн...” /номны 78, 79-р тал/ гэжээ.  

                 Энэ бол Даншиг наадамд олон түрүүлснээрээ нэр нь дуурсагдаад байгаа Богдын алаг морины анхны түрүү юм.  Энэ жилийн даншиг наадмын онцлог нь  анх удаа  азарга, жороо морины уралдааныг нэмж уралдуулснаараа   урьд өмнөх даншиг наадмуудаас өргөн дэлгэр наадам болж дээ.    

                 Наадамд түрүүлсэн соёолон алаг морины тухай “Морин эрдэнэ” номыг зохиогчид онцлон тэмдэглэхдээ:  “Энэ морь Сэцэнхан аймгийн Өндөрхаан уулын хошууны “Хэрээ хөхөл” гэдэг газар төрсөн унага. Хээр алаг үрээг  эзэн нь Богдын хүрээний малын зах дээр худалдах гэж байхад нь Их шавийн нэрт уяач Жасын “хөх” Дондог шинжин,  10 лан мөнгөөр худалдан авч уяж хурдлуулснаар долоон хошуу даншиг наадамд хамгийн олон удаа түрүүлсэн түүхтэй гэж партизан Ж.Дамдин гуай бичсэн ажээ... гэсэн байна.

          Ингэж  тэмдэглэгдсэнийг магадлан үзэж  Богд хааны  “Түмний эх” хээр алаг морины   төрсөн нутгийн буурал жимээр  аялахад   домогт хөлгийн мөр нь тодорч, туурай нь сонсогдох шиг болж ард олны  сэтгэлд  мөнхөрсөн хууч яриа хөвөрсөөр байлаа.

           Юуны өмнө   “Морин эрдэнэ” номыг зохиогчдын онцолсон нутаг орны талаар зөв ойлголттой байх нь  их чухал.  Богдын алаг морь ид хурдалж байх үед засаг захиргааг  “ Сэцэнхан аймгийн Сэцэнханы хошуу” гэдэг байж.  Ардын засгийн шийдвэрээр 1923 оноос  “Хан Хэнтий уулын аймгийн Өндөрхаан уулын хошуу” гэж өөрчилсөн байдаг. Тиймээс зохиогчид “Өндөрхаан уулын хошууны” гэж номондоо бичсэн нь  уншигчдад ойлгуулах  үүднээс цаг үеийнхээ  нийгмийн үзэлд нийцүүлж   бичсэн байгаа юм.  

          Харин  “Хэрээ хөхөл” гэдэг газар төрсөн гэж бичсэн байдаг. Энэ нь газар нь   өнөөгийн Хэнтий аймгийн төвөөс баруун урагш 80 орчим км зайд Хэрлэн голын урд эрэгт Баянхутаг, Мөрөн, Баянмөнх  гурван сумын зааг газарт нутгийн ард түмний шүтээн “Хэрээ хөхөл” гэж жижигхэн шовгор уул  бий. Үүнээс зүүн хойшоогоо 5км орчим  зайд Хэрлэн голын хойно Бүс уулын баруун талд суварга байгаа. Тэнд “Хэрээ хөхөлийн хийд” байсан туурь юм.  Одоогийн Мөрөн сумын нэгдүгээр багийн нутагт байгаа суврага. Энэ нутаг дахь айл отгуудыг Хэрээ хөхөлийн шавь нар гэцгээдэг байж. Нийтээрээ Богдын шавь нар байсан хэрэг. Шавь нарын тэргүүн нь “Халхын шингэн цагаан гэлэн” хэмээн нэрлэгдсэн Чойнзон цорж.  Чойнзон цорж нь энэ нутгийн унаган хүүхэд Сэцэнханы их уяач Мангал туслагчийн өргөмөл хүү юм. /Н.С. “Хүлэгч-Хүлэгс” хуудас 170-р тал/ Хэрээ хөхөлийн “Цагаан цорж” гэж алдаршсан энэ хүн Богд хааны дэргэдэх 7 цоржийн нэг. Хавар нь энэ нутагтаа ирж зунжин ном уншиж бясалгаж  байгаад намар нь хүрээ уруугаа буцна.  Хэрээ хөхөлийн шавь нарыг дотор нь “ Сунидынхан, Багайнхан,  Хамрынхан...” гээд садан төрлөөр нь овоглон нэрлэдэг нь одоо ч байсаар  ажээ.     

          Мөрөн суманд Хэрээ хөхөлийн хийдийн шавь, Багайнханы “хулцага” С.Банзрагч гэж  төвд бичиг үсэгтэй, ном их уншдаг өвгөн байв. Тэрээр 1980-аад он хүртэл байж ная  насалсан хүн.  Хэнтийн Мөрөн сумын нутаг дахь  Чандаганы уурхайг анх нээж илрүүлсэн хүн гэдгээрээ алдартай.  Өөрөө санаачлагаараа элдэв түүхэн дурсгалт зүйл цуглуулж, тэмдэглэж явдаг мэдлэг боловсролтой хүн байсныг нутгийнхан магтан  ярина.  Хэнтий  аймгийн музейд түүний  цуглуулж өгсөн үзмэр маш олон  байдаг юм. Түүнээс гадна ургамал сайн мэддэг, эм боодог, нутгийнхан түүнийг хүүхэд эндүүлдэггүй байсан гэж ярих нь ч бий. Хайдав доктортой найз дотно холбоотой,  түүнд эмийн ургамал явуулна.   Нэг гачигдалтай зүйл нь өөрөө шинэ бичигт муу болохоор сургуулийн хүүхдүүдийг дуудаж гэртээ авчирч хэлж  бичүүлж үлдээсэн зүйл их байдаг юм байна.  Тэр тэмдэглэл дотор Мөрөн сумын түүхэнд холбогдох үйл явдалууд олон байдгаас “Богдын алаг” морины тухай тэмдэглэн үлдээсэн нь  түүний хүү  багийн засаг дарга асан Б.Балдандоржид байлаа.  

         Тэмдэглэл дотор: 1896 онд хуучин Хэрээ хөхөлийн харьяа сунидынханы  Гунгаагийн адууны хээр алаг даагыг “багайн” Лувсан худалдаж авч. Гэтэл хойтон жил нь  Хэрээ хөхөлийн шавийн “хамар” Даваа “багайн” Лувсангаас  үрээнд нь дамжуулан  худалдан авсан байна.  Хойтон жил нь  хязаалан морь хүрээнд аваачин Богдын уяач жасын хөх Дондогт худалдсан. Тэр алаг үрээ нас гүйцэж их насны морь болж олон удаа түрүүлж Богд гэгээнтний нэрэн дээр олон удаа  цоллуулж Богдын “Түмэн эх” хээр алаг гэдэг морь болсон. Хэрээ хөхөлийн одоогийн 1-р багийн нутагт төрсөн унага юм. “ ... гэж тэмдэглэжээ.

          Энд тэмдэглэгдсэн “багайн” Лувсан бол “хулцага” С.Банзрагчийн эцэг нь.   Сүрэнгийн Банзрагч гэж ээжээрээ овоглосон хүн. Тиймээс Богдын алаг морь анх ааваар нь дамжиж гарсан морь гэдгийг С.Банзрагч  хар багаасаа мэдэж авсан байлаа.  Иймд  дээр бичигдсэн партизан Дамдингийн тэмдэглэл, Мөрөн сумын ард “хулцага” С.Банзрагчийн тэмдгэлгээнүүд угтаа ижил байгаа юм.  Энэ бүгдээс үзэхэд  “Богдын алаг морь” өнөөгийн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг Хөхөл хайрханд мэндэлсэн “Хөлөг  эрдэнэ”  болох нь  мадаггүй үнэн болж байгаа юм.   

         “Морин эрдэнэ” номыг зохиогч нар архивын бичиг баримтаас шүүгээд Богдын алаг морь нийт 7 түрүүлж, нэг аман хүзүүдсэн гэдгийг тогтоон  “Түмний  эх” цолоо ийм том наадамд тийм олон удаа хамгаалсан хөлөг урьд хожид төрөөгүй билээ.. гэж дүгнэсэн байдаг юм.   Чухамдаа “Түмний  эх” алаг морины онцлог байдлыг хамгийн сайн мэдэх хүн нь нэрт уяач Жасын хөх Дондогоос өөр үгүй билээ.   Түүний яриа дурсамж байдаг бол уяач “хөх” Дондог ямар эрэмбэтэй уяач байсныг ч мэдэж болох байлаа. Арилжаанд дамжсан битүү үрээг  алиа “хамар” Даваа  хөтөлсөөр  хүрээний их зах дээр арилжааглагдах үед  Богдын их сүргийн уяачийн нүдэнд өртөн,  гарт нь ороод   Богд гэгээнтний ивээлд  багтсан  болохоор түүнийг  алаг үрээнд  их  буян хийсэн хүн  гэхээс аргагүй.    

         Чухам үнэн нь гэвэл  эзнээ хайсаар  ирсэн  алаг морь, эзнээ олж  нэрт уяач “ жасын хөх” Дондогоор уяулж,  Богд гэгээнтний даалттай болоод ирэхээр  олон түрүүлэхээс ч аргагүй биз... Монголчуудын  “хурдан морь эзнээ хайдаг” гэдэг үг   өөрийн эрхгүй санаанд орж ирэх юм. Ийнхүү бидний  монголчуудын адуу нь нэртэй, хүн нь хочтой мөнхөрдөг ард түмэн  дээ.    

           Сэцэнхан аймгийн Сэцэнханы хошууны Хөхөл хайрханы унага Богдын алаг морь монгол түмний их  баяр наадамд  7 түрүүлж нэг  аман хүзүүдсэн амжилтыг онцлон  өгрөмжилж   ММСУХолбооноос “Монгол наадмын түүхэн дахь  хамгийн дээд амжилт”  гэж үзээд  “МОНГОЛ ТУУРГАТНЫ  ХХ ЗУУНЫ МАНЛАЙ ХӨЛӨГ”    цолоор өргөмжлөн баталгаажуулжээ.        

                           Монгол адуун эрдэнэт сүрэгт түмэн эх хүлэг мөнхөд  төрөх болтугай...

Нийтлэлч    Н.Санжаадорж 2020.

 

 


Сэтгэгдэл оруулах