Улс олныг баярлуулж Удамшиж хурдалсан “Луу халтар”

9/29/2020 9:07:59 PM

Хөвсгөл аймгийн баяр наадмын түүхэн цувааг судлан үзэхэд аймгийн баяр наадамд долоо түрүүлж хоёр аман хүзүүдсэн МУАУ Дугарын Зоригтын бор, тав түрүүлж хоёр аман хүзүүдсэн МУАУ Жамцын Цэдэнсамбуугийн саарал, дөрөв түрүүлж хоёр аман хүзүүдсэн Далайн Янжингийн саарал гээд домог мэт яригдах аварга хурднууд олонтой бий. Харин бид энэ удаа нэгэн мянга есөн зуун наян оны наадам буюу АХ-ын 59 жилийн ой, Хөвсгөл аймгийн баяр наадамд гайхамшигтай хол түрүүлсэн тус аймгийн Түнэл сумын 1-р бригадын уяач ард Д.Лувсаннямын халтар хэмээх хурдан буяны тухай дэлгэрүүлэн хуучлахыг зорьсон юм. Түнэл сумын 1-р бригад буюу Зуны голоор нутагтай Догоогийн Лувсанням гээч хурдан моринд дуртай, адуу сайн таньдаг, хэдэн сайхан хурдан морьтой, тухайн цаг үеийнхээ нийгэмдээ бэлжүү элбэгхэн, сийрэгхэн хүн байсан бололтой байдаг. Хашиж явсан ажил алба нь гэвэл фермийн эрхлэгч, агент зэрэг хариуцлагатай албыг гүйцэтгэж явсан нутаг усандаа нэр хүндтэй нэгэн явсан гэдэг. Д.Лувсанням гуай нэг удаа нутгийнхаа сайн уяач, панз “сахалт” Рагчаа гуайнхаар бууж цайлжээ. Цайлж дуусаад мордох гэтэл аргамжаатай байсан халтар адуу анхаарлыг нь татжээ. Халтар үрээг харлаа... авмаар санагдаад явчихаж. Буцаж эргээд “сахалт” Рагчаатай наймаа хийхээр асуулаа. Тэгсэн: “Эрдэнэбулганы Бөөрөлжөөр нутагтай “хамуут” Дашдэндэвийн унаган адуу, энэ жилийн шүдлэн үрээ, чамд бол чамгүй үнээр харамгүй өгчихнө” гэж дуугарч байна гэнэ. “Сахалт” хэмээх Рагчаа гуай бол нутаг ус, хавийн хэдэн сумандаа нэртэй панз хүн. Сахалт Рагчаан “Найман мянгын хээр” гэж хурдан морь авсан үнээрээ алдаршиж 1970-аад онд хурдалж байсан. Тухайн үедээ морины үнийг найман мянгад хүргэж явсан хүн. Тэгэхээр Д.Лувсанням гуай “1500 төгрөг өгий болох уу” гэж үнэ өгөөд наймаа хийгджээ. Тухайн үеийн мөнгө хатуу байх үед эмнэг шүдлэн үрээнд бол сайн үнэ шүү. Ингэж ирээдүйн их хурд домогт халтар эзнээ олсон түүхтэй. Халтар үрээгээ өвгөн шүдлэнд нь сургаад, хязааланд азарга тавихаар ганц нэг гүү байдас тасалж өгөөд ойр зуураа эргэлдүүлдэг байж. Тэгсэн нэг голынх нь хангал азарга байсхийж давхиж ирээд халтар үрээг хазаж элдээд, гүү байдсыг булаагаад хашир өвгөн, халтар үрээ хоёрыг нэлээд зовоох маягтай юм болж. Тэгэхээр нь өвгөн нөгөө азарганы эзэн айлд яваад очиж. “Азаргыг чинь авья чи азаргаа яаж өгөх үү” гэж асуугаад, авчихна гэж бодсон үнээ дуугартал ахиухан үнэ сонссон хангал азарганы эзэн “өвгөн лав учиртай л хэлж байгаа байх” гэж бодоод танд үнэрхээд яах вэ аваад яв даа гэж гэнэ. Тэгэхээр өвгөн гэртээ хөтөлж авчраад, цэргээс ирсэн нэг залуу хүүг шинэ биеийн тамирын хувцсаар гар цайлгаж байгаад нөгөөх азаргаа төхөөрүүлээд Зуны голд мод бэлтгэж байсан бригадын хүнсэнд өгчихсөн гэдэг. Хэд хоногийн дараа нөгөө азарганы эзэн нь болсон явдлыг дуулсан юм байлгүй, жаахан ууртай шогшиж ирээд “Та чинь яасан муухай хүн бэ?” гэх маягийн юм ярьж байна гэнэ. Тэгэхээр Луу өвгөн “За дүү минь ахыгаа уучлаарай... Чиний азарга сайхан мал байсан гэхдээ энэ голд чи бид хоёр л мэднэ. Чамайг л баярлуулах байх. Харин миний энэ халтар үрээ улс олныг баярлуулах адуу байгаа юм” гэж хэлээд агентын бараанаасаа ховор зүйлээр урамшуулаад буцаасан юм гэдэг. Халтар адуугаа өвгөн уяач соёолон наснаас нь сумынхаа баяр наадам эхэлж уралдсан гэдэг. Хавчиг зургаатай жилээ аймгийн баяр наадамд Зуны голоос хөтлөөд гарсан чинь Ачмагын Ботгон хоолойд явахаа болиод зогсчихсон гэдэг. Тэгэхээр өвгөн уяач тэнд нь орхиж яваад аймгийн төв орж хоноод маргааш нь хүүхэд явуулж авахуулаад аймгийн наадамд мордуулахад айргийн дөрөвт хурдалж алдарын замналаа эхэлсэн гэдэг. Энэ бол 1978 оны аймгийн баяр наадам. Халтар азарга үүнээс хойш 1979 оны баяр наадмаар төрөлх Түнэл сумандаа уралдаад 1980 оны Хөвсгөл аймгийн баяр наадамд тоосоо өргөж түрүүлэн ирж түмэн олноо баясгасан түүхтэй. Түрүүлэхдээ этгээд хол түрүүлсэн гэж ярилцдаг. Зүүн аймгийнхны ярьдагаар ёстой “далд” түрүүлсэн. Халтар азаргыг бариан дээр ирж байхад аман хүзүүдсэн Мөрөнгийн “сагсуу” Пүрэвээ гуайн хонгор азарга Дулааны хотгор руу орж ирж байсан гэж тэр үеийн наадмыг нүдээр үзэгчдийн хууч яриа бий. Пүрэвээ гуайн хонгор азарга бол Галшарын удамтай хурдан азарга байсан бөгөөд дараа жил нь буюу Ардын Хувьсгалын түүхт 60 жилийн ойд түрүүлсэн. Алдарт Луу халтар энэ наадмаас хойш сумандаа түрүүлж, аймагт 2 айрагдсан. Хамгийн сүүлд 1986 онд өвгөн уяачийн бие тэнхээрхээд хүү Ням-Осор нь наймдугаар анги төгссөн арван зургаатай байхдаа авчирч уралдаад дөрөвт давхисан гэдэг. Халтар азарга бол өөрөө хурдан хурцаас гадна өөрийн тэрхүү чанараа үр төлдөө үлдээх нь гайхамшигтай адуу байжээ. “Хурд хуваах” гэсэн өвгөдийн ухаанаар халтар азарганы үр төлүүд нутаг усандаа төдийгүй зэргэлдээ сумдууд руу гарч удамшин олон айлын хурд сэлбэсэн. Өвгөн уяач нас өндөрсөж бие чилээрхүү байхдаа халтар азаргаа сайн уяачийн гарт даатгахыг ихэд чухалчилж байсан юм гэдэг. Тариалангийн Дондов зааны хүү Бадрахыг ирж ав гэж хэлүүлж байсан юм гэдэг. Д.Бадрах гуай халтар азаргыг авч амжаагүй тул халтар азарганы төл цавьдар үрээг авч азарга тавьсан нь “Бадрахын цавьдар” гэж 2000 оны аймгийн баяр наадамд айрагдсан, Хөвсгөлийн Тариалан, Булганы Тэшигээр олон түрүүлж айрагдсан зартай сайхан азарга болсон. Харин халтар азаргыг Тосонцэнгэлийн “аварга” Дулам гээч улсын аварга малчин хүн ирээд адуундаа залсан гэдэг. Арван долоотой азарга \1988 оны орчим\ аварга Дулам гуай авч авсан жилээ өнжөөд дараа жилийн сумынхаа наадамд нэг түрүүлгэсэн гэдэг. Эндээс олон хурдан үрээ, морьд азарганууд гарсан. Аймгийн наадамд уралдах боломж, уламжлал нь тиймхэн байснаас биш аймгийн хэмжээний цоорхой адуунууд хэд хэд гарсан даа. Тэдний нэг тус сумын ААУ Д.Гэндэнсүрэнгийн сумандаа хоёр, Их-Уулд нэг айрагдсан халтар азарга түүний төл нь Д.Гэндэнсүрэнгийн “Идэр халтар” азарга өвөг эцгээсээ 33 жилийн дараа аймгийн наадамд айрагдсан. Энэ азарга сумандаа хоёр удаа гайхалтай хол түрүүлсэн. Ихэнхдээ зүүн аймгийн угшилтай олон сайн хурднуудтай өгөө аваатай уралдаж нутгийн олны бахархал болж байсан билээ. Хамгийн гайхалтай нь өнөө жил буюу 2020 оны АХ-ын 99 жилийн ой, Хөвсгөл аймгийн баяр наадмын хурдан их насны уралдаанд тэртээ 40 жилийн өмнө түрүүлж байсан алдарт Луу халтарын дөрөв дэх үеийн төл болох Тариалан сумын уугуул аймгийн алдарт уяач Бадрахын Ганбаярын хээр морь түрүүлэн ирж түмэн олноо баясгасан юм. Луу халтарын төл Бадрахын цавьдар, Бадрахын цавьдар азарганы төл хар голтой том хул гүү, Хул гүүний 2014 оны унага нь өнөө жилийн түрүү “Аварга хээр” морь. Хээр морь өмнө жил буюу 2019 онд Хотгойдын хурд уралдаанд айргийн тавд хурдалсан Хөвсгөл нутгийн унаган хурд мөн. Ийм нэгэн халтар адуу тэртээ 40 гаруй жилий өмнө аймгийн наадмын алтан шар зурхай дээр тод магнай торгон жолоо өргүүлж байсан бол түүний үр удам нь өнөөдөр ч олныг баярлуулж магнай тэнийлгэсээр байх юм. “Улс олныг баярлуулах адуу” хэмээн уяач эзэн нь шинжин таниж удамт хурдан үр төлүүдээр нь нутгийн олон наадан цэнгэх ийм л домогт адуу байж дээ Луу халтар. Удам дамжсан хурд улам батжин оршихын ерөөл өргөн жаргаая. \.Т.Наранхүү. Хөвсгөл аймаг\


Сэтгэгдэл оруулах




Altanhuyag [203.91.115.47] 10/21/2020 1:20:53 AM

Сайхан судлаж бичжээ. Баяр хүргье.

баяраа [202.126.90.111] 10/9/2020 3:44:00 PM

сайхан бичжээ

Батболд [202.9.46.67] 9/30/2020 9:17:45 PM

янзын бичжээ.

ган төмөр [66.181.161.63] 9/30/2020 12:31:20 PM

Гайхалтай сайхан бичижэээ

Баяр [66.181.161.71] 9/30/2020 12:21:48 PM

Ёстой сайхан бичсэн байна. Улам их амжилт хүсье.

[202.9.46.67] 9/29/2020 10:10:30 PM

Wow nice

Бааска [66.181.161.102] 9/29/2020 9:57:44 PM

Мундаг байна амжилт