Хуйрнан шуугих “Хуягт халтар”-ын давхил...

9/29/2020 9:32:39 PM

Ардын Хувьсгалын 92 жилийн ой буюу 2013 оны Хөвсгөл аймгийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 499 дугаартай уралдаанч хүүгийн унасан, хөхөл сүүлийг нь урт суран шуултаар шуусан сайхан хар халтар азарга зайтайхан түрүүлсэн юм. Наадамчин олны дунд “Хуягт халтар” түрүүллээ, “Мөнхөөгийн Бат-Очирын Хуягт” түрүүллээ” гэлцэж байв. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Аймгийн алдарт уяач Мөнхөөгийн Бат-Очирын “Хуягт халтар” хэмээх эрхэм хурд бол Хэнтий аймгийн Баянхутаг сумын унаган адуу. Хурд тодорч “Хуягт” хэмээн нэрлэгдсэн үе гэвэл 2010 оны хязаалан цагаасаа юм. Тодруулбал 2010 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд МУ-ын Засгийн Газрын тогтоолоор зохион байгуулагдсан Шадар Ван Чингүнжавын мэндэлсэний 300 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд-II” уралдаанд хязаалан үрээ 15-д хурдалсан санагдана. Тус даншиг наадмын өмнөхөн Мөрөн сумын баяр наадамд айрагдаж их амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй. 2013 оны хавар аймгийн Дэлтэй Цэнхэр МСУХ-ны нэрэмжит хаврын уралдаанд Галтын Н.Пүрэвдоржийн “Мустанг” хонгорын дараа орж аман хүзүүдсэн бол ахиад хэдхэн хоногийн дараа Эг-Үүрт болсон аймгийн бүсийн уралдаанд хол сайхан түрүүлсэн. 2014 оны мөн аймгийн хаврын бүсийн уралдаанд МУАУ Г.Намсрайдоржийн “Тожин” азарга, Тариалангийн Өсөхийн Болдсайханы саарал азарга гурвуулаа зуузай холбож ирээд ахиад аман хүзүүдсэн. 2014 он бол Мөнхөөгийн Бат-Очир уяачийн хувьд аз од гийсэн сайхан жил байсан. Учир юун хэмээвээс төрөлх Тосонцэнгэл сумын түүхт 90 жилийн ой тохиож адуун сүргийн манлай азарганы уралдаанд 100 орчим хурдан хүлгүүд мордож “Хуягт халтар” айргийн тавд торгон жолоо өргүүлсэн. Тэр наадамд МУАУ Г.Намсрайдоржийн Тожин азарга түрүүлж, аман хүзүү, айргийн гурваар мөн сумын уугуул Д.Дамдиндоржийн шарга, ААУ Д.Гэндэнсүрэнгийн халтар азарганууд хурдалж нутгийн олны баяр талархалыг хүлээж байлаа. Тосонгийн 90 жилийн наадмаас хэдхэн хоногийн дараа болсон Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, ерөнхий сайд, Жалханз хутагт Содномын Дамдинбазарын мэндэлсэний 140 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан “Хотгойдын хурд-III” даншиг наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд 130 гаруй хурдан шандастнууд мордсоноос Тариалан Г.Доржпүрэвийн “Саран хүрэн” түрүүлж, мөн сумын залуу уяач Д.Ариуннарангийн “Ноён хээр” аман хүзүүдэж, алдарт их “Магнай халиун” айргийн гуравт хурдалахад айргийн дөрөвт Мөнхөөгийн Бат-Очирын “Хуягт халтар” азарга айргийн дөрөвт хурдалж Хөвсгөл нутгийн дөрвөн хурд дараагаараа ирж наадамчин олныг баясуулсан юм. Ингэж МУ-ын Засгийн Газрын тогтоолтой улсын бүсийн уралдаанд айрагдаж төрийн данстай хурдан хүлэг гэдгээ батлан харуулав. Тэр зунаа “Хуягт халтар” азарга үнэнхүү гүйдэл орсон байж. Учир нь 8 сарын эхээр Завхан аймгийн Морин Спорт Уяачдын Холбооноос зохион байгуулсан аймгийн “Шигшмэл морьд”-ийн уралдаанд түрүүлэн ирж уяач эзэндээ автомашины бай авч өгсөн юм. Машин авсан морь тийм ч олонгүй байх шүү. 2015 онд аймгийн баяр наадамд Мөрөнгийн Галсангийн “Цолмон хээр” азарганы ар дээр аман хүзүүдэж, наадмын дараа найман сарын арав дээр аймгийн төв Мөрөн хотод зохион байгуулагдсан Хөвсгөлийн “Шигшмэл хурд-2015” уралдаанд айргийн тавд алтан жолоо өргүүлсэн юм. Хуйрнан шуугих “Хуягт халтар”-ын давхилуудаас улсын бүс, аймаг, аймгийн бүс, шигшмэл уралдааны амжилтуудын хураан дурдваас ийм байна. Уяач хүнд онож очсон, заяаж төрсөн сайхан хурднуудын нэг дээ. “Хуягт” хэмээх эрхэм сонин нэрийн талаар тодруулахад М.Бат-Очир уяачийн номын багшаас нь өгсөн утга төгөлдөр нэр юм гэсэн. Энгийн бидний сонсоход түүх домгоос амилах хүлэг баатруудын дайн тулаанд “Хуяг”-ласан хөхөл сүүлийг нь шуусан тулааны хүлгийг санагдуулмаар нэр. “Хуягт халтар” азарганы эзэн Мөнхөөгийн Бат-Очир ахын тухай цөөн хэдэн үгийг энэхүү нийтлэлд дайхад төрөлх аймгийнхаа Түнэл сумын Ялалт нэгдлээс ажлын гараагаа эхлэн Мөрөнгийн Гурил тэжээлийн үйлдвэрийн нягтлан бодогч, аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Төрийн сангийн хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай алба хашиж явсан. Одоо хувийн аж ахуйг хөгжүүлж барилга угсралт, зураг төслийн “Акми Консалтинг” ХХК,гэрийн модны үйлдвэр, мал аж ахуй зэрэг салбаруудад амжилттай ажиллаж яваа бизнесмэн, удирдагч зохион байгуулагч нэгэн. 1990-ээд оны дундуур Мөрөнгийн Гурил тэжээлийн үйлдвэрт ажиллаж байхдаа тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул Жунайн Буянт гуайн удирдлагаар Хэнтий аймгаас хурдан удмын адуу авч ирсэн баг бүрэлдэхүүнд багтаж унаган нутаг Хөвсгөлийнхөө хурд сэлбэх үеэс морины уралдаан, уяа сойлгод шимтэх болсон. 2014 оноос аймгийн МСУХ-ны бага хурлаар холбооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож үйл ажиллагаанд идэвхитэй оролцож ажилладаг. Тосонцэнгэл сумын “Тосонгийн хурд” МСУХ-ны үйл ажиллагааг байнга дэмжин ажиллаж, 2016 оны “Ирээдүйн Түмэн эх” хурдан дааганы уралдаан, 2019 оны “Тосонгийн Хурд” аймгийн зүүн бүсийн хурд уралдаануудад ивээн тэтгэгчээр оролцож дэмжин ажиллаж ирсэн морины төлөөх сэтгэл, зүтгэлтэй нэгэн билээ. Дурдсан наадмуудад магнайдсан нутгийнхаа хурднуудыг “Хуягт халтар” азарганы төлөөр урамшуулан шагнадаг уламжлалыг бий болгоод байна. Аймгийн Алдарт Уяач М.Бат-Очир ахдаа энэхүү бичвэрээр дамжуулан уяасан хүлэг бүр нь хурдан байж улс бүсийн уралдааны алтан шар зурхайд айраг түрүү хүртэхийн ерөөл өргөн дэвшүүлье Хуйрнан шуугих “Хуягт халтар”-ын давхил нь Хошуу нутгийн бахархалтай даа хө Даяарын алдартай “Хуягт халтар” –ын давхил Даншиг наадмын алдартай даа хөө гээд аялан дуулмаар болох шиг ....\Ухаантай морь сэтгүүлд. 2020. 08-сарын дугаарт нийтлэгдсэн.\ Т.Наранхүү. 


Сэтгэгдэл оруулах