Хэрвээ тэр хүн байсан бол...

9/29/2020 11:48:01 PM

Архангай аймгийн Их тамир сумын "Хөх нуур" багийн 40 жилийн ойн баяр наадмаар ажиллаад ирлээ. Гэтэл нэг сайхан үйл явдал тохиосон юм.
Миний өвөө намайг гурван настай байхад үсний найраар охин хээр даага бэлэглэж байсан.Тэр Хээр гүүгээ би дааган цагаас нь унаж хамт нөхөрлөж ирсэн юм. Миний хээр гүү хүн харахад жижигхэн дөрвөн мөч богинотой нээх хараанд өртөхөөргүй ч алтан савтай гүү байсан юм. Хээр гүү минь надад олон сайхан төл хайрласан. Тодруулбал төл болох Ах дүү гурван хээр төл бол манай адуунд алдартай. Ах нь айрагдаж үзүүгүй ч 10 гаргаж их уралдсан. Уургийн ганган морь байлаа. Түүний дүү нь хэд хэд айрагдсан аварга морь байдаг. Одоо өөр хүнд байгаа /наймаа тохирсон/.Харин гурав дахь дүү нь сайхан азарга бий. Том жижиг нийлсэн 20 гаруй айраг түрүү хүртсэн "Цолмон халтар" азарга одоо адуундаа байгаа. Энэ дундаас би хоёр том хээр мориндоо маш их хайртай. Том хээр морийг минь унах боломжгүй болтол нь нурууг нь авсан байлаа. Юун уралдах, морь уургалах битгий хэл хонинд явж болохгүй болсон гэв. Адууг тэгтэл нь унаж байдаг аавын дүүг амандаа харааж байсан удаатай. Одоо том хээр тэнгэрийн оронд түмэн эх болж байгаа. Харин дунд хээр морийг өнгөрсөн жил сайн их морь хайж байгаа хүнд зарсан гэв. Тэр үед аав ээжийгээ бодоод юу ч хэлсэнгүй. Нэгэнт зарагдсан морины араас би юу ярихав гээд ерөөл хэлж байсан юм. Дааган цагаас нь эхэлж сургаж, өөрөө уях гэж оролдож, уралдах болгонд нь дэргэд нь байж шөнө нойргүй, хээр морио манаж үнэхээр адуу гэж амьтныг сэтгэлээрээ мэдэрч эхэлсэн. Тэр хэзээ ч намайг хазахгүй. Бас гэнэт бөгсөө өгнө хүмүүс -Хүүе! холдоорой тангарлаа... гэж байдаг. Харин миний хээр морь бөгсөө маажуулах гэж байгаа юм. Хумсны завсар хар хир ортол нь маажиж, хүзүүгээр нь тэвэрч эрхлүүлж байнга чихэнд нь магтаж үргэлж хамт байдаг байлаа. #Хэрвээ тэр хүн байсан бол сайхан дурсамжаа та нарт ярих байсан байх. Гэхдээ хээр морийг зарагдсанаас хойш би нилээн хэдэн удаа зүүдэлсэн юм. Хээр морь миний очсон наадамд уралдаж байна. Би түүнийг тайлбарлаж байгаагаар их зүүдлэнэ. Харин зүүд зөнтэй гэдэг үнэн бололтой. Миний бие Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн 40 жилийн ойн баяр наадмыг сурвалжилахаар явав. Налайх дүүргийн наадамд ажиллаад дуусгаад шууд маргааш нь болох тэр наадамд явсан юм. Шөнөжин давхиж олон гол гатлаж бартаатай замаар Хөх нуурын зүг явж очиход азарга мордоод ирчихсэн харин их насны морьд өөдөөс гараад ирэв. Зураглаач бид хоёр сандралдан морь дагаж явсан нэг машинд үсэрч орлоо. Гэтэл тэр дунд хамгийн эхэнд миний хээр морьтой тун адилхан морь нүдэнд тусав. Жолоочийг ойртохыг гуйж байгаад ахин хартал хээр морь минь мөн байв. Уг нь их тамиртай, тарган талдаа уралддаг морь нилээн нимгэрсэн өнгө зүс алдсан харагдав. Холын нутагт очоод өөрийн унаган хүлэгээ хараад хоолой зангираад нэг л өөртөө итгэлгүй явлаа. Морьд эргэж шууд тайлбар оров. Морьдоо чадан ядан тайлбарлах хооронд зөвхөн хээр морийг л харна. Шууд гарч ирээд хол тасардаг морь минь 10 морьны араас гардаггүй. Ингээд морь барианд орж хээр морь 10-аар хурдаллаа. Морь бариаруу цувран орж байхад ухаан мэдрэлгүй гүйж хээр морийг хайв. Гэтэл тээр урд хүн хөтлөөд явж байгаа харагдав. Өөртөө итгэлгүй хэсэг алхаж, хэсэг гүйж явсаар байгаад очив. Хээр морио хараад хоолой зангирч хүнээс ичихээ мэдэхгүй асгартал уйлав. /одоо ч уйлах гээд байна/ морио хараад л ихэр татан уйлж байв. Би хээр морио маш их санажээ. Арай хийн нулимсаа арчиж өөр зүйлд анхаарлаа сарниулан уяан дээр байсан хүмүүсрүү очиж аавдаа эрхлэж байгаа хүүхэд шиг учираа хэлэхэд миний хэр морины шинэ эзэн Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Цогтбаатар ах айраг хийлгүүлж өгч сэтгэл санаа тайвшруулж сайхан морио ярив. Уяа сойлго өмнө яаж уралдаж байсан, яаж худалдаж авсан, хээр морь миний ямар сайн нөхөр болох талаар сайхан ярив. Нутгийн буурал уяачид билэгшээж баяр хүргэж ховорхон тохиох аз хийморь юм даа хэмээн хэлэв. Хээр морь дээрээ очоод нуухыг нь арчиж хөлсийг дээлнийхээ ханцуугаар арчлаа. Нулимс урсах гээд хэцүү байлаа. Тэгээд хээр морийг уяа тойруулан гишгүүлж байсан хүүхдэд жолоог өгтөл хээр морь хажуунаас хөдлөхгүй хоргодоод надруу толгойгоо эргүүлэн харав. Би ч Т.Цогтбаатар ахаас санаа зовоод буруу харж нулимсаа арчив. Бид хоёр биенээ санажээ. Ингээд дараагийн нас мордож ажил ундарч эхэлсэн юм. Морь цоллоход ч хүртэл дээр дэнжид уяан дээрээ зогсох хээр морио л харж байсан юм. Цаг ч хурдан өнгрөч нар уулын цаагуур орох мөчид наадам өндөрлөж бид хоёр салаа замын эрхээр салсан даа. Миний хээр морины шинэ эзэн ч их сайн хүн байлаа. Нутаг орондоо нэр хүндтэй, хамгийн гол нь мориндоо хайртай хүн байв. Одоо миний хээр морь Т.Цогтбаатар ахын нэрийг олон гаргаж, айраг түрүүг хүртээрэй. Мөн ноднин хээр морьтой хамт зарагдсан манай унаган "таван хошуу" тамгатай хонгор соёолон айргийн дөрөвт хурдаллаа. Хонгор соёолон хэд хэдэн удаа түрүүлж айрагдаж энэ хавьдаа нэртэй болжээ. Бас хээр морь минь ч хурдан байна. Ингээд Хээр морьныхоо буянд сайн хүнтэй ч танилцлаа, сэтгэл санаа ч сайхан боллоо. Улсын наадмын өмнө ийм сайхан энерги аваад хотод ирлээ. Хийморь сэргээсэн хүлэг минь миний хээр морь.


Сэтгэгдэл оруулах




Дуня [66.181.161.84] 9/30/2020 10:17:33 AM

Сайхан түүх шүү

sandag [203.91.119.10] 9/30/2020 9:53:32 AM

saihan tuuh bn daa. hiimoritoi ym