Эрийн чимэг Эрх халтар азарга

9/30/2020 12:43:45 AM

Эр хүний чимэг "Эрх" халтар азарга минь

Гүү унагалахыг харах ховор л гэлцдэг.

Тийм ховор тохиолыг би 2 удаа харж байсан юм.

Домог бүхэн амилах зуны эхэн сард чулуу бүр нь түүх шивнэх Жаргалант хайрханыг давж нүүдэл хийх өвөөгийнхөө малыг туухаар мянган бидэрт Хар-Ус нуурын зүүн хөвөө, усан мандлын бөлбөөт эрэг Сал татдагийн аманд байх өвөөгийндөө ирлээ.
Эмээгийн чанасан хярамнаас нэг шаазанг залгилаад хаалгаар харайн гарахдаа тотгонд толгойгоо цохисноо ч анзаарсангүй.

Уяан дээр байх салхин цагаан гэх моринд мордон  нуурын хөвөөд байх адуунд давхиж хүрлээ.
Намайг очих тэр агшинд "Мянгад" халтар гэх том халтар азарганд явдаг махир хүрэн халзан гүү хэвтэж байна. Дөхөөд очтол түхэлзтэл хэд дүлээд нэг хальстай хар юм гулс гээд гараад ирэхэд гэнэт цочиж, бие минь зарайж, нурууны үс босож, ер бусын нэгэн хүчинд илбэдүүлэх мэт болж билээ.
Намайг цочоосон тэр амьтан миний "Эрх" халтар байж билээ.
Тэгээд гүү унагалсан мэдээг өвөөдөө очиж хэлээд өвөө бид 2 халтар унаганы зуултыг авч, нүдэн дээр минь эхээс унасаныг нь билэгдэн халтар унагыг надад нэрлэж билээ.
Дараа жил нь халтар унага минь ганагардуухан даага болж, наадам болохоос хэдхэн хоногийн өмнө  сургаж, хангалдуухан даагаа уяж билээ.
Дараалсан олон жилийн ган зудын дараа үндэсгүй мэт байсан газар гарч, дэлхий дэлэгнэж, айл бүхэн төлөөр баяжсан тэр жилийн зун хангал халтар минь ардаа 100 даагатай, урдаа 10 даагатай ирж намайг дээлэндээ багтахаа больтол баярлуулж билээ.

Тэр зуны наран дор халтар даага минь гэрийн гадаа зусаж, бидний салж хагацахгүй нөхөрлөл эхэлсэн юм. 
Дараа жил нь шүдлэн үрээ нойтон туурайгаараа газар тамгалж тэнцсэн Хар-Ус нуурынхаа тахилгад айрагдаж, надад анхны наадмын хишиг хүртээж билээ. Халтар үрээгээ айрагдсан тэр орой хажуугаас нь холдож чадахгүй харжээ суухад үүлсийн дээр хөвж яваа мэт үлгэрийн гэмээр мэдрэмж төрөөд л байж билээ.
Тэр цаг үеэс халтар үрээ бид 2 бараг хамт унтахаас наагуур ижилдэн дасаж, хаа явсан газар хазаартай ч, сул ч намайг дагаж явна. Бид чихэр байнга хувааж иднэ. Эрх халтар минь "барбарис" гэх жимсний амтат чихэрт их дуртай.
Миний дууг андахгүй танина. Анир авах газрын хаанаас ч гурийлахад шогшоод ирнэ. Яг л кинонд гардаг шилийн сайн эрсийн морь шиг морьтой болно гэж хөөрдөгсөн.
Оюутан болоод хөдөө байх эрх минь багассан ч, зуны амралт эхлээд л хөдөө очно, очоод л халтар азарга, амь аварсан жороо хүрэн хоёроо барьж авна.
Тэгээд нэгэн зуны наран дор 2 морио л унадагсан. Тэр хоёр минь зусан унагдаад гундаж үзээгүй адуунууд байж билээ.
Халтар минь азарга болоод ижилдээ явахад нь ганцхан гурийлахад над дээр гүйгээд ирнэ. Хар бага насны нөхөрлөл, ижилсэл мартагддагүй юм билээ.
Нэг намар Алтайн хишиг хулгар шарын хишиг хүртэж явахдаа, цааш адууны эрэл болгоод Жаргалант хайрханы Шар хонд, Шагай толгой, Хүрэн өндрөөр байран байх адуугаа хайгаад олохгүй шөнө болгож арайхийж олоод буцах гэтэл унаа морь эцээд, морь юүлэх гэтэл бугуйлгүй байж таараад, уулын мухарт, сарны саруулд хад, бут бүхэн томорч харагдаад эцсэн морьтой надад айх, жихүүцэх зэрэгцэж байлаа.
Тэр үед унаа морио бөхөлчихөөд ханан хадруу адуугаа шахаад, ойртоход адууны түрүүч хамраа тачигнуулан хажуугаар дайрч гарахад үед халтар азарганыхаа дэлнээс зуурч чирэгдээд "хаая, хаая" гэж сайтар хэд хашгиртал танил дуу сонсоод зогсож билээ.
Итгэлийг минь хөсөрдүүлж чирж яваад чулуудаагүйд нь улам их хайрлаж, бидний нөхөрлөл улам л гүнзгийрсэндээ.
Гар хоосон байж морио юүлчихээд сарны саруулд Жаргалант хайрханы шар бэлээр адуугаа туугаад давхиж байхдаа баярлаж, бахдаж, энэ насандаа адуунаас салахааргүй дурлаж билээ.
Намар болоод хичээл эхлээд буцна. Буцах дөхөхөөр хөнгөн гунигтай болно.
Оюутны дотуур байрны өрөөнийхөө хананд халтар азарганыхаа зургийг өлгөнө, шөнөжин зүүдэлж хононо.
Хоног өдрүүд өнгөрч эргээд л хавар болж хичээл амарна.
Зун  ирэхэд бүх зүйл өөр харагдана.
Өвөөгийндөө ирээд л халтар азаргатай адуундаа хүрнэ.
Эрх халтар азарга минь хэн бүхний хараа харцыг булааж, хамаг адууны сүрийг дарж, их дэлээ хийсгэн давхиж угтана.

Харсан хүний нүд баясгам халтар азаргаа тэр дариу барьж авна, ижил нь гэр эргээд л байж байдагсан.
Амь аварсан жороо хүрэн минь уснаа эндсэнээс хойш халтар азарганаасаа өөр морь унах дургүй. Уналаа ч морь унасан болохгүй. Унаар даахгүй.
Миний халтар азарга унаанд гундахгүй, унах тусам улам жавхаажиж өнгө орно, хазаар дарж сарвайтал хатирна.
Хоёр нарны хооронд унахад цуцна гэж байдаггүй.
Жаргалант хайрханы өврөөс өглөө эрт халтар азаргаа унаад Бумбат хайрханы Бор мараандаа оройд нь оччихдог байсан. Уултай хадтай 100 орчим км газар шүү дээ.
Хэд хоног амраад эргээд Бумбатаас Жаргалантруу өглөө эрт гараад дөрөөн дээрээ өндийгөөд хатирчихдаг байж билээ.
Халтар минь улам ч ир орчихсон, хөнгөрчихсөн байдагсан.
Нутгийн хүмүүс "Унаагүй биш, азаргаа уналаа. Гүү чинь сувайрна" гэж зэмлэнэ. Гэлээ гээд миний дэл ихт сүрт халтар азарга минь гүү сувайруулж байгаагүй юм.
Нүдэн дээр унагалсан "Эрх" халтар азаргаа хааяаа, хааяаа их үгүйлэх юм.
Ижил сүрэгтээ сүрт дэлээ хийсгэн дураар давхиж яваадаа гэж бодохоор сэтгэл дүүрээд ирнэ.

Эрлийз хурлийз их болсон энэ цагт ид өвлийн идэр гурван есийн хүйтэнд манан халтар зүсийг нь цагаан болтол хүүрэгтүүлчмхээд уяач хоносны өглөө уур савсан байдаг морьтой хүн бууж  хармаар, явган хүн сууж хармаар энэ л сайхан адуу, сүр ихт халтар азарганы минь энэ зураг Үндэсний түүхийн музейн адуун соёлын өвийн эхэнд байрлаж, орж ирсэн хүн бүхнийг угтаж дүүхэлзсээр байгаа нь нэгэн шинэ домог юмдаа.

Хууран толгойтой хүрэн халзан гүүнээс нүдэн дээр минь унасан эрх халтар унага хэвээр оршсоор


Сэтгэгдэл оруулах




[66.181.185.15] 11/11/2020 12:52:55 PM

Сайхан бичжээ