Сайн адуу, сайн хүн хоёр төрөхийн учиртай Төв аймгийн Баянцагаан сум өнгөрсөн зуунд төр улсынхаа наадамд 50 гаруй морь түрүүлгэж, 200 гаруй айраг хүртсэн зууны манлай хурдны нутаг. Энэ нутгаас Хөдөлмөрийн баатар, Зууны Манлай уяач Д.Даваахүү, ард түмний хайртай хурдан морь тайлбарлагч М.Оюунбаатар төрөн гарч хурдан морины салбарт томоохон байр суурийг эзэлж байна. Баянцагааны талд тэнцсэн домогт хурдан хүлгүүдээс дурдвал монгол төрийн наадмын найман медальтай С.Банзрагчийн "Аварга зээрд морь", төрийнхөө наадамд дөрвөнтөө алтан жолоо өргүүлсэн М.Данзаннямын "Ажнай хүрэн" азарга гээд энэ нутгийн домогт хурдан хүлгүүд нэгэн үе монгол төрийн наадамд дийлж уралдаж байсан сайхан түүхтэй. Өдгөө ч сайн уяачдых нь үр хүүхдүүд өвөг дээдсийнхээ их үйлийг үргэлжлүүлж сайхан хүлгүүдийх нь үр удам монгол наадмын дэвжээнээ цахиур хагалан хурдалж түмэн олноо цэнгүүлсээр байна. Энэ нутгийн их уяачдын томоохон төлөөлөл бол 65 жил уяан дээр зогсож өөрийн биеэр үлгэрлэн үр хойчдоо адууны соёлыг өвлүүлэн үлдээж байгаа Даваахүү баатар. Төр улсынхаа наадамд 15 азарга түрүүлгэж, ард олныхоо дунд азарганы хаан гэж алдаршсан түүний хувьд 1985 оны АХ-ын 64 жилийн ойн баяр наадмаас нэг дор 11 айраг хүртсэн бахархам амжилт бий. Мөн монгол тарийн наадамд 3 үеэрээ азарга түрүүлгэсэн хувьтай хүн . Төрийн наадамд 3 үеэрээ азарга түрүүлгэх нь бүү хэл, 3 үеэрээ морь уяж тэр сайхан адууны удам угшлыг таслалгүй авч явна гэдэг хэр баргийн хүнд байх авьяас чадвар, арга ухаан биш. Удамт уяачийн магнайд наадмын од харваж, гоц амжилтын түүхийг бичилцсэн хүлэг бол ард түмний хайртай алдарт эх Наран хонгор азарга. Алтран шаргалтах зүсээрээ ард олны сэтгэлд нар мандааж ардын төрийнхөө наадмын азарганы уралдааныг төвөггүйхэн гараад хөтлөх нь үнэхээр гайхалтай. Түүний хувьд 2011 оны АХ-ын 90 жилийн ойд шүдлэн насандаа долоод хурдалж, дараа жил нь улсынхаа наадамд аман хүзүүдсэнээр амжилтын гараагаа эхэлсэн. Энэ наадамд эцэг нэгтэй "Унагалдай зээрд" үрээ айргийн гуравт шил дарааллан хурдалж наадамчин олноо баясгасан. Соёолондоо уралдалгүй өнжиж хавчиг 6 настай азарга төрийнхөө наадамд үзүүр дээрээ задарч түрүүлсэнээр энэ хурдан ажнай "Улсын наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэлээ" гэсэн сайхан түүхийг бичилцсэн. Энэ бол зөвхөн Даваахүү уяачийн төдийгүй монголын ард түмний баяр бахдал байсан. Домнож уралддаг долоон насанд нь өнжөөж 2016 оны АХ-ын 95 жилийн ойдоо уралдлаа. Энэ наадамд алдарт ах дүү хээр, Халзан нутгийн унаган хос хоёр халиун, тэнүүн говийн "Тэргүүн хонгор" гээд бөхөөр бол тухайн үеийн аварга арслангууд бүгд мордсон. Найман настай Наран хонгор мөн л төвөггүйхэн шиг гарч ирээд өнгөлж уралдсаар байгаад үзүүр дээрээ алдарт Магнай халиунд дийлдэж аман хүзүүдсэн. Дараагийн хоёр жил нь мөн л өнгөнд уралдаж айрагдасанаар төрийнхөө наадамд 3 жил дарааллан айрагдаж төрмөл хурдан хүлэг гэдгээ түмэн олонд батлан харуулсан. 2019 оны АХ-ын 98 жилийн ойдоо төрсөн дүү Саран хонгортойгоо тоосоо өргөж түмэн олноо цэнгүүлсэн. Миний бие азарганы уралдааны шууд дамжуулалтыг зурагтаар үзэж байлаа. Хурдан морь тайлбарлагч Оюунбаатар "Наран хонгор азарга Саран хонгортойгоо хамт уралдахаар мордлоо" гэхэд арай өөр санагдаж байсан шүү. Тэрүүхэн хоорондоо догдлоод л, байж ядаад л. Уламжлалын дагуу азарга эргэдэг газраасаа эргэж удсан ч үгүй "Саран хонгор" үзүүрийн 3 азарганы дунд орж ирлээ. Наран хонгор арын бөөн азаргануудын дунд явж байснаа гэнэт л сул юм шиг дүүгийнхээ буруу талаар ороод ирсэн. Энэ мөчид олон хүнд юм бодогдсон байх. Алдарт ах шарга л тэнгэрт халиагүй байсан бол дүүтэйгээ хамт ингэж уралдаж түмэн олноо цэнгүүлэх хүлэг байсан. Дүү хонгор үлдэж Наран хонгор явдгаараа явж үзүүрийн хэдэн азаргатай уралдсаар байгаад гэнэт хөлийн хурд саарч ард үлдсэн. Тухайн үед сайхан хурдан буянд ямар нэгэн муу юм боллоо л гэж хувьдаа бодсон. Тэр жилийн үзүүрийн 6 азарга үнэхээрийн хурдан байж араас адуу ирэхээргүй хол тасарсан. Яг энэ мөчид дүү "Саран хонгор" суугаад ард үлдэж байгаа ахынхаа зөв талаар орж ирж байгаа нь адуу гэж амьтан хүн шиг бие биетэйгээ зүрх сэтгэлээрээ холбоотой гэлтэй. Саран хонгор улсынхаа наадамд өнгөрсөн жил долоод хурдалж ахыгаа дуурайсан хурдан хүлэг болохоо харуулсан. Мөн урд өдөр нь Наран хонгорын төл "Нарт хонгор" гэдэг үрээ монгол төрийнхөө наадамд түрүүлсэн нь бас л сайхан түүх. Наадмын дараа Наран хонгорын хөл эвгүйтсэн, эндээгүй гэснийг дуулаад дотор онгойх шиг болсон. Энэ жилийн хувьд дүү Саран хонгор нь араас туулсаар байгаад улсынхаа наадамд 12-т хурдалсан бол төл Нарт хонгор нь мөн л араас туулж 6-д хурдалсан. Мөн хоёр хонгорын төрсөн дүү "Отгон хонгор" гэж үрээ өнөө жилийн улсын наадмын соёолонгийн уралдааны үеэр нэр дуулдсан. Монголын ард түмний нэрийг нь сонсоод л баярлах ах дүү, аав хүү хурдан хонгоруудаас олны цагаан хэл ам хол хазгай тусаж АХ-ын 100 жилийн ойдоо хамтдаа тоосоо өргөж гайхамшгийг бүтээх болтугай.
Б.Хишиг-эрдэнэ 2020.09.30
Сэтгэгдэл оруулах