Хурдан морины уяа сойлго тохирч, уяа ханасан морины шинж

6/5/2019 11:50:07 AM

Зуны эхэн сар хэдийнээ гарч уяач, морь сонирхогчид маань дэлгэр зуны уяа, сойлгоо эхэлсэн болов уу. Иймд дараах нийтлэлийг хүргэе.

Хурдан морины уяа сойлго тохирч, уяа ханасан морины шинж

Зургийг Д.Гантулгын сан хөмрөгөөс

 

  1. Уяа орсон морины баас нь нэг эгнээгээр цувран гөлгөр нягт, чийг багатай гарч, хагарч унана. Энэ нь умсны хур баас нь гүйцэд гарч нялх ногоонд сайн цадаж умс нь агшиж баасыг нэг эгнээ байрлалтай болтол нарийсгаж барьсан хэрэг юм. Умс нь гүйцэд агшсан учраас тэнд ямар нэгэн хий хуралдах, доторх баас нь хөдлөх явдалгүйгээр гэдэс нь зайлагдахгүй болдог байна.Нүдний доторх хүний босоо дүрс бүтэн багтаж харагдана. Нүд нь тунгалаг болно. Нар гарахаас өмнө барьж үзэхэд үс нь толигор, гялгар харагдана. Сайн ажвал өөр өнгөтэй болсон байна. Үс нь босож сэрийснээс өнгө нь өөр болсон мэт харагдана.
  2. Арьсыг чимхэхэд үүссэн нугалаас удаан арилна.
  3. Морийг сул тавьж хонох үед зөөлөн газар хөрвөөлгөхдөө урд хоёр хөл нь өвчүүндээ хүрч нугарах, нуруугаараа биеийнхээ хоёр тал руу шулуун давах, уяанд зогсож байхдаа ганц нэг санаа алдаж, урт амьсгалж, их унтана.
  4. Сунгаануудаар амьсгаадсан ч гэсэн амьсгаа нь амархан дарагдана.
  5. Хөлс нь шингэрч тунгалаг амтгүй болно. Өөрөөр хэлбэл усан хөлс гарч ирнэ. Уяа ороогүй морины хөлс шороон амттай байна.
  6. Уяа сойлт орсон морины гэдэс нь тогтуун тул их уралдааны өмнө нялх ногоо идэхэд уралдаанд нөлөөлөхгүй. Харин цатгалан бол сайн давхина. Ер нь умс нь агшсан, уяа сойлт нь тохирсон морь цадахдаа удаан тул их уралдааны өмнө сул тавьж, цатгалдахгүй, өлдөхгүй хонуулах ашигтай.

 Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” II боть, УБ., 2016,  39-р тал  


Сэтгэгдэл оруулах




ok [202.9.44.157] 6/5/2019 11:05:52 PM

ok