Монгол Улсын Манлай уяач Д.Эрдэнэчулуун

6/10/2019 12:56:25 PM

Энэхүү нийтлэлээр уншигчдадаа монгол мориороо улсын наадмын зурхайг тамгалсан Монгол Улсын Манлай уяач Дамбадаржаагийн Эрдэнэчулууны талаар толилуулж байна. Энэ эрхэмийг дуулаагүй, сонсоогүй морьтон үгүй биз ээ. Ялангуяа түүний хэлсэн

Хөдөлмөр хүнийг сайн явуулна 

Хөдөлгөөн хүнийг эрүүл байлгана
Орлогогүй бол тамхи битгий тат
Овилгогүй бол архи битгий уу  гэдэг үгийг залуус маань амьдралынхаа чиглэмж болговол зохилтой.

1958 онд төрсөн таван эрэгтэй дүүтэй айлын ууган хүү тэрбээр бага наснаасаа хөдөлмөрч занд суралцаж, их говийн ээрэм талд адуун сүргээ хариулан явсаар 1980 оноос адууны хөхөл, сүүл шууж эхэлсэн. Хориодхон насны буйран дээр сумын наадамд бор морио сойж айргийн дөрөвт хурдлуулсан үеэс адуу гэдэг хийморьлог амьтантай бүх амьдралаа холбосон ажээ. Тэр цагаас хойш даруй 15 жилийн дараа буюу 1995 онд улсын наадмыг анх зорьж байв. Тасралтгүй хөдөлмөр, тууштай зүтгэлийнхээ үр шимээр 2003 оны босгонд Эрдэнэчулуун гуай Улсын Алдарч уяач цолоо гардан авсан юм. Түүний дараа 2006 онд Монгол Улсын шилдэг уяачаар шалгарч байв. 2008 оны дэлгэр зун Манлай уяач маань хонгор , хээр, цэгээн, хар дөрвөн их насны морио Луусын ногоон талд сойсон. Тэр жилээ Дундговь аймгийнхаа баяр наадамд гурван морио давхиулж, их насны морьны нэг түрүү, хоёр айргийг авсан ба нийт тус наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртсэн байдаг.  Гагцхүү тэр дундаас хар мориотойгоо улсын наадмыг зорьж уралдсан ажээ. Төрийн наадмын дов өндөр гэдэг дээ. Хүй мандлын дэвжээг арав гаруй жил зорьсны эцэст  уяач маань их насны түрүүг авч, дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгаас 70 жилийн дараа улсын наадамд морь түрүүлгэсэн баярт үйл явдал болсон билээ. Улсын наадамд морь түрүүлгэж, Монгол наадмын хойморт залрахад түүнээс асар их хичээл зүтгэл гарсан болох нь дамжиггүй юм. Тэрээр чухам яагаад ганц их насны морио авч улсын наадмыг зорьсон тухайгаа хуучлахдаа Төрийн наадамд хэдэн сайхан морио унагачихсан хүн шүү дээ  би гэж Тод магнай сэтгүүлд өгсөн ярилцлаганда шүүрс алдсан нь бий.  Тэр тухай цухас дурдвал өмнө нь нэг соёолон улсын наадамд зургаагаар хурдалж яваад зурхайн наана 100 метр үлдэхэд ойчиж, 2002 онд “Говь шанхын хурд”-д таваар давхисан Их хонгор морь нь 2003 оны наадамд 30-аадын буйран дээр яваад мөн л ойчиж байв.  Алдаж, онохын зурваст адуу нутаг хоёроо шинжиж таньсан уяач бол яахин аргагүй Эрдэнэчулуун Манлай билээ. Түүний өмнө 1938 онд Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Хайнзан хонгор морио улсын баяр наадамд түрүүлгэж байсан нь түүхийн шаргал хуудсанд бичигдэн үлдсэн нь бий. Харин түүний дараа буюу 2018 оны Улсын баяр наадамд Дундговиор овоглосон  дайчин халзан морь айргийн гуравт хурдалсанаар говийн морьд Монголын шигшмэл хурдан морьдтой эн зэрэгцэхүйц амжилт үзүүлж байна. 2008 онд улс бүсийн гурван түрүү, есөн айрагтайгаар Монгол Улсын Манлай цолонд хүрсэн. Хүнийг шагнал, цол хэргэм эвдэх нь ч бий. Харин Д.Эрдэнэчулуун уяачийг улам зүлгэсэн гэлтэй. Тэрээр 2017 онд “гавьяат малчин” цол хүртсэн юм. Төр засгаас түүний хөдөлмөрийн үнэлж төрийн дээд одон медалиар шагнасан явдал нь зөвхөн улс бүсийн наадмын айраг түрүүг тоолсон зүйл биш харин олон жилийн уйгагүй хөдөлмөр, нутаг орондоо оруулсан хувь нэмэр, малч хичээнгүй занг нь үнэлсэн хэрэг билээ. Сүлд телевизд өгсөн ярилцлагандаа тэрээр цаашид улсын наадамд бага гурван насанд монгол адуу хавчуулахгүй болсон байна гэж санаашран суугаа харагдсан. Арга ч үгүй биз дээ монгол морь монгол наадмын дэвжээнээс түлхэгдэн гарах шийдвэр үйл ажиллагаа маш их өрнөх боллоо.

 


Сэтгэгдэл оруулах