Адууны туурайг хамгаалах, засах

6/10/2019 5:18:41 PM

Адууг намар шалбаагтай нутагт удаан малласнаас туруу нь дэвтсэнээс болон заримдаа төрөлхийн далбин, майга, туурай сунаж зөв гишгэж явж чадахгүй улмаар доголдог тул тийм туурайг өөлж засах хэрэгтэй.

Адууны туурай хагарсныг засах

Адууны туурайд тавгийн цус бууснаас туурай нь хагардаг. Үүнийг засахгүй бол туурай нь хагараад ихдээ тулж эдэлгээнээс гарсан доголон морь болдог.

Засах арга: Тавагны цусыг ханана. Цусыг нь урьдаар авахгүй бол туурай хагарахыг зогсоож чадахгүй. Туурайн цусыг авсны дараа хагарсан туурайг засаад эмийн зүйлийг туурайн хагарсан ан цавд нь хийж өгнө. Өдөр бүр нэг удаа, үргэлжлэн долоон өдөр хийж өгнө. Туурай нь хагарсны дараа дахин засах цавчиж ан цавд нь бас эмийн зүйл хийнэ.

Адууны туурайд цус буусныг засах

Адууг хол зам ба хөллөгөө ачилганд удаан яваад ирсэн даруй хөтөлж хөдөлгөхгүй ба уяж зогсоох, хүнд эдэлгээнд хэрэглэсний дараа хүйтэн усаар услах, тэжээл хэтрүүлэх зэргээс гэдэс нь түгжирч гэдэсний үрэвсэл болж туурайд нь цус буудаг. Адуунд энэ гэм тусвал өмнө хоёр хөлөө сойж өргөх ба өмнө хоёр туурайгаа урагш жийж тавих буюу нэг туурайгаар нөгөө туурайгаа ээлжлэн дарж зогсох, хойд хоёр хөлөө гэдсэн доороо авчирч хүзүү толгойгоо гэдийлгэн алхахад хүчирддэг. Алхуулж үзвэл дөрвөн хөлөө зөөхөд хүчирдэн ойр ойр гишгэж бүх бие нь хөлөрч амьсгаадна.

Засах арга:

  1. Цус буусан туурайн жидийн судсыг ханаж цус тавина.
  2. Хүнд бол дөрвөн онгон судсыг ханаж цус тавина.

Адууны туурайн үрэвсэл засах

Ямар нэгэн шалтгаанаас адууны туурай нь урагш түрэн ургаж сагаг нь  хавдаж, их эмзэглэн өмнө хөлөө жийж хэвтэх буюу босвол доголж хол явж чадахгүй болдог.

Засах арга:

  1. Туурайн сагагийг тойруулан ханаж хар архийг шил гавартай хольж эсгийгээр ороон хөхүүлнэ.
  2. Цуу буюу хар цайг давстай хольж хөхүүлнэ.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016,  99-р тал 

 


Сэтгэгдэл оруулах