Монгол Улсын Манлай уяач цол бий болсон түүх

6/11/2019 3:36:56 PM

               

              Манлай уяач нь улс бүсийн нийт 12 наадмын түрүү, айргийг авсан байх бөгөөд үүний 50 хувь нь дээд насны буюу азарга, их насны морьд түрүүлгэсэн байна.

1993 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Лхамсүрэнгийн Энэбиш нь наадмын Төв комиссын дарга байхдаа 1994 оноос хойш Улсын их баяр наадмын 6 насны түрүү морьдын эздийг төрийн цайллагад хүндэтгэн оруулдаг болсноос гадна мөн жил бүрийн шилдэг уяачдыг шалгаруулдаг болсон. Г.Пунцагбалжираар ахлуулсан Монголын Морин спорт уяачдын холбоо 1995  онд шинээр байгуулагдсанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Их хангайд” гэдэг газар хаврын уралдааныг анх удаа хийж эхэлсэн цагаас Монголын хурдан морьдыг үнэлэх үнэлэмж өндөр болсон. Мөн Үндэсний өв соёлыг хөгжүүлэхийн тулд Монгол улсын Алдарч уяач гэдэг цолны дээр Манлай уяач гэдэг эрхэм цолыг бий болгож дор дурдсан хүмүүсд батламж олгосон.

  1. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн МСТ клубын уяач Данзаннямын Даваахүү
  2. Төв аймгийн Баянзүрх сумын уугуул, Налайх хотын уяач Дамдинсүрэнгийн Гарамжав
  3. Ховд аймгийн Дарви сумын уугуул, Партизан сангийн аж ахуйн Рашаант өртөөний ажилтан Дамдинхүүгийн Түвдэн
  4. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Сэрээтэрийн Банзрагчид
  5. Завхан аймгийн уугуул, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Лханаажавын Дамдинд
  6. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Төв аймгийн Эрдэнэ сумын уяач Сампилын Гэсэрваань
  7. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул Жамбын Сономпил
  8. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Дорнойн Сундуй
  9. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Ганжуурын Сундуй
  10. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Дамдингомбын Даш
  11. Архангай аймгийн уугуул МТ-ын уяач Самбуугийн Самдан нарт анх удаа олгожээ. Эдгээр хүмүүс бол анхны 11 Манлай уяач болж түүхийн хуудсанд бичигдсэн билээ.

 Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” II боть, УБ., 2016,  439-р тал 

Харин анхны Тод Манлай уяач цол хэдийнээс бий болсон талаар та гайхаж байж магадгүй юм. Тод манлай уяач нь бүсийн 20 түрүү, айраг авсан ба түүний 50 хувь нь мөн дээд насны морь буюу азарга, их насны морь байна. ММСУХ-ны 3 дахь ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ 2004, 2007 онд Монгол Улсын Тод Манлай уяач цолыг бий болгож 6 хүнийг шагнажээ.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” II боть, УБ., 2016,  422-р тал 

 


Сэтгэгдэл оруулах