Азарга гүүг тохируулан сонгох, ижилсүүлэх

6/11/2019 4:14:54 PM

Азарга гүүг тохируулан сонгох, ижилсүүлэх

            Адууг азарга азаргаар нь суурилан маллахаас гадна хоньчлон маллах нь үр дүнтэй хэмээх нь ч буй. Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү “Азарга гүүний зохилдлогоо гэдэг нь нэн тэргүүнд удам угшил, дараа нь хэлбэр галбирыг нь харж байж азарга гүүгээ тавих, арьс султай азарганд чанартай арьстай гүү хураалгах гэхчилэн зэрэгцүүлэн зөв тааруулснаар сайн унага гарна.

            Монголчууд цус холдуулахаас гадна адууны хэв галбир, уян хатан чанар, биеийн их багыг харгалзан хээлтэгч, хээлтүүлэгч хоёрын тохироог тааруулдаг. Зөв шинжиж үржилд оруулсан азарга, гарах унага нь эцэг эхийн аль нэгийн сайн чанарыг илүү давамгай авсан буюу эсвэл аль алины сайн чанарыг дуурайсан байх магадлал ихтэй. Гэхдээ үүнд удам угшил их чухал. Угшил муу гүүг сайн азарганд хураалгавал сайн төл гарах нь бараг үгүй. Харин сайн гүүг жирийн азарганд хураалгахад сайн унага төрөх нь бий. Үүнээс үзэхэд үр төл эхийн чанар давамгай удамшдаг байгаа биз. Мөн сайн төл авахад азарга, гүүний нас их чухал.

            Соёолон азарга, хязаалан байдсан гүү хоёрын дундаас гарсан төл хэв галбир зөв, өөд газарт сайн, уруу газарт тааруу байдаг. Харин хөгшин азарга, хөгшин гүүний төл өөд газар муу, уруу газар сайн байдаг. Тиймээс хөгшин азарганд залуу гүү, залуу азарганд хөгшин гүү гэх мэтээр зөрүүлбэл гарсан төл  нь дээр ярьсан шиг газрын өөг голохооргүй байдаг. Ер нь гүү 7-15, азарга 9-15 насандаа бяр тэнхээ нь тэнцэж, ид жагсдаг учраас сайн төл өгдөг. Сайн адуутай больё хэмээж байгаа бол аль болох удам угшил сайтай үрээ байдас цуглуулах хэрэгтэй. Харин сайжруулж байгаа нь энэ гээд эрлийзжүүлээд байх нь тийм тохиромжтой бус.  Монгол газар монгол мал шиг хэрэгтэй юм байхгүй. Цусаа холдуулж байгаа нь гээд муу азарга авчирч тавьбал эсрэгээрээ адууныхаа чанарыг муутгах талтай.

            Адууны удмыг хадгалахын тулд цусанд нь эргүүлж нийүүлэх нь бий. Дөрөв дэх, гурав дахь үед нь нийлүүлбэл илүү зүгээр шиг санагддаг. Түүнээс хоёулаа гурав бол ойртчихно. Ер нь заавал сөргөж байх хэрэгтэй” хэмээжээ. 

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016,  105-р тал 


Сэтгэгдэл оруулах




агваанчумад [66.181.161.3] 12/25/2020 1:26:07 AM

таалагдалаа