Хануур засал хийх ёс горим, анхаарах зүйл, ханах судас

6/12/2019 12:45:04 PM

Хануур засал хийх ёс горим

            Ханах засалд цаг улирлын байдал, нар хурын тэнцэл, өвс ногооны эмэн үе, малын тарга хүч, өвсний гүйх мөр, цул, сав эрхтний холбоо, ханах судасны байршил, ханах өдөр буюу сүнсний орших орон, цус шинжлэх, өвчнийг боловсруулах, хануурын хэмжээ зэрэг олон ойлголтууд багтана. Малд тарга тэвээрэг авхуулах, өвчний муу цусыг гадагшлуулах, тэжээлийн хорыг арилгах зорилгоор зуны тэргүүн сараас зуны дунд сар /5-7/ хүртэл дөрөөлөх, гүрээ чамархай, хаа, самсай, тагнай зэргийг хатгаж ханана.

            Цээжиндээ буюу хөлдөө цустай болсон үед ороо хар, улаан суга, хаа болон шөрмөсний сиймхий, туурайн магнай, ар жолоо, гахай сөхөх зэргийг намрын дунд сард /10-11/ газар товууцах үеэр сайн болно. Хордлого болон эмгэгийн үед ханах засал эмчилгээг хийхдээ цаг улирал, өвчний байдал, тарга тэвээргийг харгалзан өвчин хүндрэх бусад өвчинтэй хавсрахаас урьтаж хийх хэрэгтэй. Эс чадваас өвчнийг түргэн боловсруулах, харшилсан болон хурмал өвчнийг ялгах, өвчний цусыг ирүүлэх тан өгч ханана.

Ханах судас

Амьтны биед цагаан, хар гэсэн 2 судас байдаг. Үүнийг төвдөөр загар, занаг гэж нэрлэдэг. Загар судас нь тархины гол дундаас эхлэн нугасаар дамжин ахар сүүл хүртлэн үргэлжлэн бүх биед салбарлан тархсаны усан махбодын гүйдэлтэй 19 судас юм. Загар нь монголчилбол цагаан судас гэсэн үг бөгөөд шинжлэх ухааны ойлголтоор мэдрэлийн судас юм. Занаг буюу хар судас нь хий цус тунгалаг цөвийн урсах зам. Энэ судаснаас 24 их судас салбарлан гарч 5 цулд 8, биеийн урд хойд мөчид 16 их судас тархана. Эдгээр нь цаашаа 700 нарийн судас болох бөгөөд улмаар тоолж баршгүй маш нарийн хялгасан судсууд болон салбарлана. Хар судсыг улаан судал, хөх судал гэж ангилна. Улаан судал нь зүрхнээс бүх бие рүү хий, шимжүүлэх тунгалаг, цусыг тарааж байдаг.

Цус шинжих

            Цус нь шим тэжээлээр төгөлдөр, халуун, хөнгөн, шингэн, хурц бэлгэ чанартай, өнгийг тодруулах, махбодыг шимжүүлэх үүдэлтэй шингэн юм. Цус нь идэш тэжээлийн охь, тунгалгаар тасралтгүй төлжин боловсорч хар судлаар дамжин бүх биед тархдаг. Ингэснээр биеийг шимжүүлэх, эрүүл байдлыг хангах бодисын их суурь болдог. Цусны биед үзүүлэх нөлөө болон өвчний хуваарилалтаас гарч илрэх шинж тэмдгийг үндэслэн түүний бэлгэ чанарыг тодорхойлно. Ханахад гарч буй судас нь тамирынх бол шунх мэт ягаан өнгөтэй, шингэн, харин өвчин эмгэгийнх бол хар хүрэн өнгөтэй, эвгүй өвөрмөц үнэртэй. Үүнийг 3-н гэмийн (хий, шар, бадган) онолоор авч үзвэл хийн цус харавтар, шарын цус шар, шингэж өмхий үнэртэй, бадганы цус цайвар улаан өтгөн зөөлөн болдог.

Ханах арга

            Судасны өнгөц, гүний байршил, нарийн бүдүүний хэмжээнээс хамаарч хануурын урт өргөнийг маш нарийн тохируулах шаардлагатай. Судсыг ханах талаар олон заалт бий.

  1. Голыг ханах. Судасны 2 хажуу хананы гол дунд судасны дагуу хатгах бөгөөд энэ аргаар том судсуудыг ханана. Үүнд өргөн хутга хэрэглэнэ.
  2. Хавиргалан ханах. Судасны 2 хананы аль тохиромжтой газар хатгана. Үүнд дунд хатгуурын хутга хэрэглэнэ.
  3. Хөндлөн ханах. Энэ хатгааг маш нарийн судсууд, торлог сүлжээ судсуудад хийх бөгөөд судсууд хөндлөн хатгагдана. Үүнд хатгуурын нарийн хутга хэрэглэнэ.
  4. Хоёрдож ханах. Энэ хатгааг эхлээд арьсыг цоолж, дараа нь судсыг ханах арга юм. Энэ аргаар оньсон дээрх болон ясан дээрх судсыг ханадаг. Том судсыг судасны цаад ханыг гэмтээх, нэвт хатгахаас болгоомжлох хэрэгтэй.

Цус гаргах хэмжээ

            Цус гаргахдаа хий уурыг гаргах нь илүү тустай тул арьсны нүх нь судасны нүхнээс том байх нь тохиромжтой. Өвчний цусыг гаргахдаа улаан ягаан хөөстэй тамирын цусыг гармагц даруй зогсоох нь чухал. Цулын болон цусан хатгааг дарах, цусыг суваг замд урвуулах зэрэгт цусыг боломжоор нь гаргана. Хэрвээ тамирын цус барагдаад хий хавсарсан бол даруй зогсооно.

Цус тогтоох аргууд

            Ханах судасны байрлалаас хамаарч янз бүрийн арга хэрэглэнэ.

  1. Хөдөлгөж явуулах
  2. Халуун төмрөөр хайрах
  3. Даруулж боох
  4. Хүйтэн жин тавих
  5. Цус тогтоох, цус бүлэгнэхийг идэвхжүүлэх төрлийн эм тариаг хэрэглэнэ.

Ханах засал хийхэд анхаарах зүйлүүд

  1. Бороо хуртай болон, салхи шуургатай цаг агаарын тааламжгүй нөхцөлд
  2. Хээлтэй мал буюу нялх төлд
  3. Чацга алдсан буюу шингэн дутагдсан малд
  4. Ханах заслын малыг уяж хонох, унаж эдлэх, усанд зогсоохыг хориглоно. Мөн зурхайн сударт ханах засал хийхийг цээрлэх өдрийг заасан байдаг. Үүнийг сийрүүлбэл, хаврын 3 сарын гахай хулгана, зуны 3 сарын бар туулай, намрын 3 сарын могой морь, өвлийн 3 сарын бич тахиа өдрүүдэд ханах болон имнэх, агтлахыг цээрлэ хэмээсэн буй.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 122-125-р тал 

 


Сэтгэгдэл оруулах