Жилбэнтэх өвчин, түүнийг засах тухай

6/12/2019 3:06:44 PM

Жилбэнтэх

            Эдэлгээний ба уяа сойлгын гам алдаж гэм болохыг малчид ерөнхийд нь жилбэн гэж нэрлэх бөгөөд тэр дундаа, усан жилбэн, тосон жилбэн, наран жилбэн, ташуурын жилбэн гэж ангилан нэрлэдэг. Уналга эдэлгээний морь жилбэнтэх нь элбэг.

            Жилбэнтсэн мал өвс тэжээлд дургүй, тамир тэнхээгүй, эцэж турж бусад төрлийн өвчин эмгэгт нэрвэгдэх нь хялбар болж заримдаа үзэгдэх шарх сорвигүй атлаа өнгө алдаж эцэж турах, хамар амнаас нь бээртэй цус гоождог тохиолдол бий.

            Малчид жилбэнг түүний шалтгаан, цаг улирлын байдалтай холбон үзэж ангилдаг бололтой. Үүнд, усан жилбэн нь гол төлөв хаврын хахир улиралд уяа сойлго, эдэлгээ буруутаж гэм алдсанаас үүсдэг гэх ба тосон жилбэн нь тарган цатгалан моринд гам алдсанаас болж тусдаг бололтой.

            Эдэлгээ хэтэрвэл ташуурын жилбэн, зуны хурц нар, намрын шар нарнаар уяа сойлгоны гам алдагдвал нарны жилбэн олно гэдэг. Тэр даруйдаа мундаагаар хавдан нэвчиж цоорох мэтээр илрэх боловч ихэнхдээ бүр хойно нялх ногоо идэхдээ гэнэт сульдаж гэдэслэхгүй, шар үстэйгээ хатаж, эцэж турсаар байгаад зуны аагим халуунаар хаа гуя, хонго мундаагаар нэвчих, хамар амнаас нь цус бээр гоожих зэргээр өвчилж эхэлнэ.

            Хаврын жилбэнгийн гэмээр адуу, тэмээ намрын цагийн уналгаа эдэлгээг даахгүй хавдаж, цоорох, өвөлжин нэвчиж, турж хатах болно. Цаашилбал жилбэнг малчид малын дотор эмгэг гэж үздэг бөгөөд жилбэнтсэн мал хэрэв нэвчиж цоорвол сайн гэдэг юм. Ийм учраас гам алдаж эмгэг олсон малыг эмчлэхдээ хатгаж цус авах, хавдрыг задлах, эсхүл хорыг авах зорилгоор сайн хөлөргөх, гадагш нь хөхүүлэн нэвчүүлэх арга засал хэрэглэдэг. Жишээ нь, намрын тосон жилбэнг эмчлэхдээ, хүрэн суман модоор хорыг хөөж эмчилнэ. Үүнд суман модны зоргодос нэг цайны халбага хиртэйг авч хоёр шанаг усанд хийгээд чанан нэг шанага болтол нь ширгээж, хөргөөд цутгаж өгнө. Бас зарим нутагт 100-200 грамм цагаан будааг битүү шатааж, нүүрсийг нунтаглаад 1 шанага өтгөн хар цайтай хольж өгнө.  Тэгэхдээ хонины шар эсгий зэргээр дулаалж нэмнэсэн байх ёстой. Ийм засал хийхэд уг морь их хөлрөх бөгөөд хэд хоногийн дараа өвчтэй морины сүвээний хавирга, ташааны шонтгор зэргээр битүү хавдар үүсэж, тэр удалгүй цоорч нэвчин идээ бээр гоожно. Хэрвээ аяндаа цоорч нэвчигүй бол хавдрыг өмхий шавар, хонины нойтон нэхийний год, малын уушги, дэлүү зэргээр хөхүүлж цоолох арга хэрэглэнэ. Нэвчсэн шархыг өт, батганаас хамгаална. Цаашид шарханд үхрийн тараг түрхэж эмчилдэг. Хаврын усан жилбэн туссан морийг хонь гаргасан даруй түүнийг халуун нэхийгээр нэмнэж нэвчүүлдэг байна. Нэмнээд хоёр, гурав хоноход уг нэхий ногоорч үнэр орох ба үс халцарч зулгарч унадаг ажээ. Нэхийг авснаас хойш хэд хоногийн дараа нуруу, сэрвээ мундаа, ташаан толгой орчмоор нэвчиж цоорно. Үүнийг малчид эмчилгээ зохиж хор гадагшиллаа гэдэг бөгөөд дараа нь цус авах засал хийдэг. Усан жилбэнтэй морийг намраар эмчилж адуунд тавиад хойтон хаврын ногооноор барьж цочир сайн унаж гүйцэд сойно.

            Наран жилбэн бол урхаг багатай тул хэрэв мундаа нуруу, сээрээр нь гарсан хавдар хагарч цоорохгүй бол эргэн тойрон зүү, тэвнээр шивж үхрийн элгэн тараг түрхэнэ. Ихэнх орон нутгийн малчид жилбэнтсэн адуунд хөх дарь, баавгайн доньт, түлсэн шар будаа, шар тос, малын цөс, тарваганы цөс, цагаан мөөг зэргийг өгнө. Бас өвчтэй адууг сайн нэмнэж, хонины ясны шөл, тарваганы шаз, туйплин, улаан өвс, шар модны ханд гөлөглөж буй нялх бургасны дол, хар модны нялх боргоцойны чанамал зэргийг бүлээнээр нь зутагнан өгч хөлөргөх арга хэрэглэнэ.

            Утлага хийх арга байдаг. Үүнд, усан жилбэнтэй адууг үхрийн өөх, шар тос, яс, адууны хөх хомоол зэргийг шатааж утдаг, харин бусад жилбэнд утлага хэрэглэдэггүй.

            Дээрх аргыг хэрэглэхээс гадна жилбэнтсэн малд эмчилгээ засал хийхдээ сүүлний гол, хааны судас, ороо хар, хар хонгоны судас зэргийг ханаж хатгах арга өргөн хэрэглэдэг байна. Ер нь жилбэнтсэн адууг эмчлэх засал хийхдээ тун нарийн горим журамтай хянуур ажиллахыг малчид эрхэмлэн үздэг.

            Адууны жилбэн өвчинд хонь буюу зээрийн хатсан зулчийг (эхсийн цус хурсан бөөмс) аль болохоор олон ясны уулзвар үе хавьд тавих ба тэгэхдээ угжирч удсан бол бага түрхэх хэрэгтэй. Мөн туулайн арьс морины нуруу дайртаж улайхад наах, морины дайр шарханд зэсийн байванг усанд буцалгаад хатаасны дараа саванд наалдсан хөөсийг шарх сорвинд түрхвэл тустай. Харин уналга эдэлгээнээс болоод салхи цохиулснаас хавдсан бол шанааны судасны доод адагт ханана. Чийг хүйтэнд болон хөлөрсөн үед салхинд цохиулсны улмаас үүссэн жилбэнд чонын цөс өгч анагаана.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 152-р тал 


Сэтгэгдэл оруулах