Бүх морийг ганц янзаар уяж болохгүй

6/12/2019 5:56:39 PM

Бүх морийг ганц янзаар уяж болохгүй

            Морь бүхэн тус бүрнээ тусгай арга ажиллагаа шаардана. Уяачид өөр өөрийн хуримтлуулсан баялаг туршлага дээр тулгуурлан, янз янзаар уяна. Шүдлэн адуу нь их хэврэг биетэй байдаг “эмгэг олохдоо амархан” тул гойд анхаарч уях хэрэгтэй. Даагыг сайн цагаашруулахыг гол болгох хэрэгтэй. Сайн цагаашруулсан даага хоргодохгүй, хадуурахгүй чигээрээ давхидаг.

            Бага насны адуу түрүүлж ирж яваад хоргодох, хадуурах явдал олонтаа тохиолддог. Энэ нь сайн цагаашруулж чадаагүйнх юм. Уяж байгаа морины уяа ханасан ба дутсан, хэтэрсэн эсэх нь гаднаас харахад тодорхой мэдрэгдэнэ. Уяа ханасан морь хүнд ээнэгшин зан ааль хөнгөн сэргэлэн болох ба явдал орж, товолзтол алхан, сэрүүн цагтаа хүзүүгээ гүлдийлгэхгүй дөрвөн хөл дээрээ тэгш зогсоно.

            Уяан дээрээ голдуу унтана.  Үс нь өнгө орно. Үсэргээ таранд шугам мэт шулуун давхина. Хөлс нь маш тунгалаг, амтгүй болно. Биеийн хэлбэр нь бүрэн гарч маш гоё ганган, улам өндөр болсон мэт харагдана. Тарлахад тохмын хөлсгүй ба хөөхгүй болно. Хэрэв арьс нь хөөж байвал зооны шороог сайтар арилгах хэрэгтэй.

            Засал дутвал энэ бүх шинж тэмдэг гарч ирэхгүй ба засал хэтэрвэл үүний эсрэг шинж тэмдгүүд үзэгдэнэ. Амьсгалахдаа яраглан үе үе санаа алдан, нүд нь хонхойж, уяа дарж ялбийн зогсож, үс нь хэтэрхий гялалзан сүүлдээ бүрзийж өнгөгүй болно. Нүдэнд нь манан сууж, нуухтаж, сормуус нь ээдэрч, зовхи нь хавдана.

            Уяж байгаа моринд хужиртай ус уулгахыг цээрлэнэ. Энэ нь морины гэдэс зайлагдахаас болгоомжилсон хэрэг юм. Гэвч ялимгүй алдаанаас болж гэдэслэн, морины хужиртай ус уулгаад шогшуулж, гэдсийг нь зайлбал тэр алдааг засаж болно. Уяа дутсанаас амьсгаа нь задралгүй бөглөрөх явдал байдаг. Үүнийг давхил өгч онгойлгох ба усаар сайн нэвтэлж уралдуулах хэрэгтэй.

            Морины хүч таргыг баралгүй ширүүн ажил хийвэл морь няцарч хөлгүй болно. Үүнийг хатгаж, цус авч засна. Уралдааны урьд шөнийн идэш багадсанаас давхихад хоосон гэдэг зайлагдаж, хойд хөлийн урагш түлхсэн их хүчинд суга шидэгдэж байрнаасаа хөдөлнө. Ингэсэн морь босож хөдөлж чадахгүй. Хоёр хамрын нүх таглаж амьсгааг нь боогдуулж байгаад, гэнэт тавихад зүгээр болдог тал бий. Хоосон гэдэг их зайлагдсанаас мушгирч моринд маш их зовиуртай болдог. Дэлүүг нь хатгаж эдгээнэ.

            Хөрвөөх. Энэ бол буруу уясан морь үхэхэд тулсан хэрэг юм.  Дээрх гурван алдаа хүндхэн гарвал морь хөрвөөнө. Хөрвөөсөн моринд нунтагласан давс өгч, дэлүүг хатгаж, гүенг нь авч босгоно.

            Цус буух. Морийг тарлаж, хөлсөлж ирээд бага гишгүүлж, хөдөлгөлгүй уявал тавганд нь цус бууж хөл муутай болно. Мөн дээш нь татаж, хоёр уушгины нь судсыг хатгаж болно. Зарим аймгийн уяачид давхиад ирж байгаа морийг бараг л зогтусгаж байгаад буун харайж , хөлсийг нь яаран хусдаг. Энэ нь морины хөлөнд тун халгаатай.

            Гэдэс нь тогтдоггүй морийг бүр тасдаад хоёр хоног тавиад баривал гэдэс нь тогтно. Чичирдэг морийг элэгний судсыг нь хатгаад зүгээр болгодог. “Хоёр салаалсан судасны дээд салааны үзүүр”. Нэг дор олуулаа морь уяхад үсэргээ тарны морьд олон байдаг учраас морь сайн онгойх боловч зүдэргээтэй байдаг. Цөөхүүлээ морь уяхад морьд зүдрэх нь гайгүй боловч  муу онгойдог. Уяа тохирч байхад бас моринд гажиг суух явдал байдаг. Жишээлбэл, маахайлах, шөрмөсөө самрах, сул чулуу гишгэж доголох зэрэг.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 476-р тал 


Сэтгэгдэл оруулах