Хурдан морь уяач, шинжээчийн эрхэмлэн баримтлах дэг жаяг

6/12/2019 5:57:21 PM

Хурдан морь уяач, шинжээчийн эрхэмлэн баримтлах дэг жаяг

            Өвөг дээдсийн уламжлалын дагуу хурдан морь уяач, шинжээч хүн, хурдан хүлгүүдтэй айл гэр, хувь хүний баримтлах хувийн зохион байгуулалт, ёс заншил, дэг жаяг байдаг. Үүнд:

  1. Хурдан морины уяаг гэр байшин, малын хашаа саравч, тугалын зэл болон ахуйн бусад зүйлээс салхины дээд талд дор хаяад 150-200 метрээс алс зайд босгоно.
  2. Хурдан морины уяа орчимд бод, бог мал бэлчээх, туух, гилэх, хэвтүүлэх, хураахгүй байж, элдэв хог новш болгохгүй цэвэр цэмцгэр байлгах.
  3. Уяа морьдын орчимд нийтээр бие засах газар, бусад бохир зүйл байлгахыг эрс хатуу цээрлэнэ. Эс ингэвээс хурдан хүлгүүдийн хийморь гутна гэж үздэг.
  4. Уяа, уяа морьдын ойр хавь ялангуяа салхины дээд талд мал бусад амьтны сэг зэм зэрэг элдэв үл зохилдох зүйл үнэртэх харагдахаас цээрлэгтүн. Эс ингэвээс ажнай хүлгүүдийн сэтгэл гутаж хийморь доройтно хэмээдэг.
  5. Уяаны дэг сайн сайхны зөн билэг, ерөөл магтаал зохилдсон үг хэлэлдэхээс өөр ёс бус үг хэлэлцэж сөргөлдөхийг эрс хориглодог байна.
  6. Хурдан морины уяаны дэргэд уяач, шинжээчид, уралдаач хүүхдүүдээс гадна сэтгэл өгч гүн хүндэтгэгч өөр уяач шинжээчдээс бусад хүмүүс цугларч тэнэж, хэрэхийг эрс хориглодог.
  7. Хурдан морьдын уяа, уяа заслын үед бүсгүй хүнийг тийш очуулдаггүй ёс заншил байдаг. (Өнөө үед морийг шүтэж, уядаг бүсгүйчүүд цөөн боловч бий болсоор байгаа тул үнэн сүсэгтэй тэднийг уяанд ойртохыг хориглодоггүй.)
  8. Хурдан морьдын уяаны дэргэд алс холын айлчин гийчин, эрэлч хайгуулчин зэрэг явуулын хүмүүс унаа хөсөг, машин тэрэгтэйгээ очихыг эрх хориглодог бөгөөд хэрэв уяан дээр зайлшгүй очих хэрэг тохиолдвоос явгаар очих ба очсон хэн боловч уяаны салхины доороос очиж, уяач шинжээч нартай монгол заншлаар амар мэндээ эрэлцэн золгож, билиг ерөөл төгөлдөр үг хэлэх учиртай.
  9. Уяа заслын үед уяач, шинжээчид архи, тамхи зэрэг идээ будаа хэрэглэхийг хатуу хориглодог. Үүний зэрэгцээ согтуу хөлчүү, өвчин эмгэгтэй хүнийг уяа руу очихыг цээрлэнэ.
  10. Ид уяж засч байгаа үед шөнө дундлан унтаж, үүр цайхтай хамт босох ба энэ үеэр адуу манагч хөвгүүд адуугаа манаж гэртээ эртлэн ирэхэд бэлэн байж, ээлжийн уяа засалдаа орно. Уяа засал хийж байгаа хурдан хүлгүүдтэй айл хотын зан төрх тайван байхаас гадна уул овоо, байгаль дэлхий, сахиус шүтээндээ бэлгэдлийн уншлага уншуулж идээ будааныхаа дээжийг өдөр бүр өргөж байна.
  11. Уяач, шинжээчид хийгээд уралдаанч хүүхдүүдийн хувцас хэрэглэл, эмээл хазаар, ташуур, хусуур, хударга, гөхлийн болоод сүүлийн боолт тэргүүтнийг гэрийнхээ хоймор тусгайлан бэлдсэн цах-дэгээ ханын толгойд зална.
  12. Ажнай хурдуудын уяа сойлгын үед уралдаанч хүүхдүүд болон уяач, шинжээч өөрөө унтаж хэвтэх ор дэвсгэр тусдаа байхаас гадна уяа засал ид хийгдэж байгаа оргил ачааллын хугацаанд эхнэрээсээ дэр салдаг эрхэм ёсон эртний судруудад бичигдсэн байдаг.
  13. Уяач, шинжээч хэн боловч морьдоо өдөр болгон өглөө оройгүй ажиглаж гадаад дотоод байдал, өвс идэж, ус уухыг нь хүртэл хянаж “хурд, хүч, гэдэс” гурвын тэнцлийг олохыг юу юунаас эрхэмлэнэ.

Наадам эхлэхээс урьд өдрийн үд орчимд хүрэх газраа хүрч хамгийн түрүүн дов сонгон буух ба наадмын баяр цэнгэл дуусангуут хамгийн түрүүнд нүүж нутгийн зүг хөдөлж байх ёстой.

Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” II боть, УБ., 2016, 31-р тал 


Сэтгэгдэл оруулах




Номин [202.55.188.100] 3/14/2022 10:26:17 PM

Маш сайн