Дэмбээ
Монголчууд эрт дээр үеэс эхлэн “Дэмбээ” гэдэг харилцаа дуут, аялгуут тоглоомоор хоорондоо наргин хөгжилдөн талцан мэтгэлцэж дэмбээддэг байжээ. Нутаг нутгийн онцлогоор дууны аянд тохируулан үглэн “Дэмбээ мэдэх үү”, “Дэмбээ вандан даа” гэж хоёр янзаар дэмбээддэг байна. Дэмбээ нь айраг цагаа элбэг үед эрэгтэй эмэгтэй, хүүхэд хөгшид чөлөөт цагаараа тоглон нааддаг олон янзын аялгуугаар аялан авхаалж самбаа сорьсон, хурдан түргэн сэтгэх, хуруу гаргах, гарын хөдөлгөөн болон нүдний ажиглалт, чихний сонсгол, бодох чадвар, уран сэтгэмж шаардсан наадгай юм. Гарын баруун алгыг нүд ирмэх зуур хурдтай савчин таалгах тооны дагуу хуруугаа ээлжлэн гарган харилцан мэтгэлцэн дэмбээднэ. Зүүн гараар онооны хожлыг тоолон суудаг, нарийн дүрэмтэй. Эрхий нурууг нугалж дарж болохгүй, хэрэв нугалвал шууд хожигдоно. Дэмбээг найр, хурим, унага тамгалах үед дэмбээддэггүй чөлөөт цагийн тоглоом бөгөөд хоёр хүн өөд өөдөөсөө харж суугаал хоёр гарын алгаа дэлгэн,
Дэмбээ мэдэх үү, эсвэл Дэмбээ вандан даа гэж эхлээд
“Ганган ганцаа
Ганган ганц
Ганган ганц
Хоёрын холбоо
Хөөмийн хоёр
Хоёрхон вандан даа
Гунан гурваа
Гуулиа гурав
Гуравхан вандан даа
Дөгөөтэй дөрвөө
Дөгөөтэй дөрөв
Дөрөвхөн вандан даа
Талын таваа
Талын тав
Тавын вандан даа
Зурвасын зургаа
Зурвасын зургаа
Зургаан вандан даа
Долоотой домбоо
Долоотой домбо
Долоо домбоо
Найзын наймаа
Найзын найм
Найзын найм
Есийн дэгээ
Есийн дэгээ
Есийн дэгээ
Арвын хангай
Арвын хангай
Арвын хангай гэх мэт олон янзаар харилцан хуруугаараа таалцах тоогоо гарган өөд өөдөөсөө харилцан хаялцана. Гаргах хурууны тоогоор аялан нөгөө талын хүний хурууны нийлбэрийг оруулж таавал нэг оноо, “Дэмбээ” эхлээд эхний таасан нөхцөлд “Цацлаа” гэж сануулан хэлээд 5 оноогоо авахлаар “Цацлага” гэж хэлээд бүх хуруугаа тэнийлгэж хожно. Жишээ нь: “Талын таваа” гээд би өөрөө 3 хуруу гаргаад нөгөө хүн 2 хуруу гаргасан бол “дэмбээ мөн дөө хө” гэнэ. Хэрэв би “Долоо домбо” гээд би 4 хуруу гаргаад нөгөө хүн бас 4 хуруу гаргасан байвал “дэмбээ биш ээ хө” гэнэ. Ингэж нийлсээр хожигдсон хүнийг хул хул айргаар торгоно. Нөгөө талыг анхаарлыг сарниулах гэж 2 гараа бас савдаг бөгөөд янз бүрийн арга хэрэглэнэ. Ардын алдартай дуу “Алгирмаа” гэдэг дууны аянд их түгээмэл дэмбээддэг байжээ. Дэмбээнд нэг тоогоор аялахыг нэг давхар ая, хоёр тоо угсруулахыг хоёр давхар ая, хэрвээ гурван тоог угсруулан хэлэхдээ гар хуруугаа хэлэх тооныхоо хувь дээр хүчтэй цочмог гаргаж хэлдэг гэж урлаг судлаач Ж. Бадраа бичжээ.
Эх сурвалж: Д. Баянбат, “Монгол адууны нэвтэрхий толь” I боть, УБ., 2016, 248-р тал
Сэтгэгдэл оруулах